АТГ-аас “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг албан үүргээс нь түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
С.Даваасүрэн нь БНХАУ-аас эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан 1000 тонн түлш барьцалдуулагчийг 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, улмаар хилээр нэвтрүүлэхээр завдсан юм. Гаалийн байгууллагын шалгалтаар худалдан авахаар төлөвлөсөн барьцалдуулагч дотор эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их агуулагдаж байгааг тогтоожээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, С.Даваасүрэнг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Энэ төрлийн хэрэгт 5-12 жилийн хорих оноодог аж.
Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Полиакриламид гэх бодис агуулсан барьцалдуулагчийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх маш ноцтой мэдээлэл ирсэн. Энэ бол ноцтой, эмзэг асуудал. Үүнтэй холбогдуулан ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө” гэж мэдэгдээд байна.


