Санаа, технологитой байлаа гээд стартап нь дэлхийн зах зээлд өөрөө хүрчихгүй. Түүнийг эхлэлээс нь өсөлт, цаашлаад олон улсын зах зээлд гарах хүртэл нь дэмжих хөрөнгө оруулалтын тогтолцоо хэрэгтэй.
Технологийн томоохон өөрчлөлт бүр нь шинэ зах зээл, шинэ бизнесийн боломжийг бий болгож ирсэн. Хувийн компьютер нь программ хангамжийн салбарыг, интернэт нь цахим бизнесийг, ухаалаг гар утас нь аппликейшний эдийн засгийг бий болгосон бол ChatGPT-ээр эхэлсэн хиймэл оюуны шинэ давалгаа нь өнөөдөр дэлхийн хөрөнгө оруулалтын чиглэлийг өөрчилж байна.
Өдгөө дэлхийн венчур хөрөнгө оруулалтын томоохон хэсэг нь хиймэл оюуны компани, дэд бүтэц, технологид чиглэж байна. Энэ нь Монголын технологийн компаниудад ч шинэ боломжийг нээж байгаа хэдий ч нэгэн чухал асуултыг хөндөж байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, чадвар бидэнд байлаа гэхэд түүнийг өсгөх хөрөнгө оруулалтын тогтолцоо бий юу?
СТАРТАПЫН ӨСӨЛТИЙГ СААРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАВСАР
ЖАЙКА-гийн 2022 онд технологийн 80 стартапыг хамруулан хийсэн судалгаагаар оролцогчдын 74 хувь нь бизнесээ хувийн хуримтлал буюу өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн байна. Харин анхны санхүүжилтээ дотоодын венчур хөрөнгө оруулагчаас авсан нь ердөө 1.3 хувь байжээ. Түүнчлэн, судалгаанд оролцсон компаниудын 61 хувь нь хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хамгийн их хэрэгцээтэй дэмжлэг гэж тодорхойлсон бол 63 хувь нь мэргэшсэн ажилтан, хүний нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эдгээр тоо нь 2022 оны судалгааны үр дүн боловч Монголын стартапын экосистемд тулгамдаж буй нэг асуудлыг тод харуулж байна. Стартапын хөгжлийг зөвхөн эхлэлийн хөрөнгөөр хэмжих боломжгүй. Санаагаа бүтээгдэхүүн болгох, бүтээгдэхүүнээ хэрэглэгчтэй болгох, улмаар дотоодын болон олон улсын зах зээлд тэлэх үе шат бүрд нь өөр төрлийн хөрөнгө оруулалт шаардагдана. Гэтэл Монголын компаниуд нь санаагаа өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж эхэлдэг ч бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, баг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх дараагийн шатанд санхүүжилт олох боломж нь хязгаарлагдмал хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын гинжин хэлхээний хэд хэдэн холбоос сул байна. Мэргэжлийн венчур сан, институциональ хөрөнгө оруулагч, төр-хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилт, мөн хөрөнгө оруулагч хувьцаагаа борлуулж хөрөнгө оруулалтаасаа гарах боломж зэрэг нь хангалттай хөгжөөгүй байна.
БУСАД ОРНЫ ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ

Энэ асуудлыг шийдэхийн тулд төр нь бүх хөрөнгө оруулалтыг дангаараа хийх шаардлагагүй. Үүнийг бусад орны туршлага тодорхой харуулдаг.
Израилын “Yozma” хөтөлбөр нь төрийн эхлэлийн хөрөнгөөр хувийн венчур сангуудыг бий болгож, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд татсан жишээ юм. Сингапурын “Startup SG Equity” хөтөлбөр нь төр болон хувийн хөрөнгө оруулагчид нь стартапуудад хамтран хөрөнгө оруулах механизмыг хэрэгжүүлдэг. Харин Казахстаны “Astana Hub” нь технологийн компаниудад татварын болон бусад дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ венчур хөрөнгө оруулалтын орчныг хөгжүүлэхэд анхаарч байна.
Эдгээр загварыг Монголд шууд хуулбарлах боломжгүй ч тэдгээрийн нийтлэг зарчим нь тодорхой. Төр нь дангаараа бизнесийг сонгож хөрөнгө оруулахын оронд хувийн хэвшлийн хөрөнгийг татах, эрсдэлийг хуваалцах, мэргэжлийн удирдлагатай сангуудын үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлдэг.
МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ МЕХАНИЗМ ХЭРЭГТЭЙ
Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Мэндбаяр нь “IT WORLD ’26” форумын үеэр технологийн салбарын шилжилт, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавихдаа Монголд хөрөнгө оруулалтын нэгдсэн механизмыг бий болгох шаардлагатайг онцолсон юм.
Түүний дэвшүүлсэн саналуудын нэг нь олон талын хөрөнгө оруулагчид оролцсон “Хамтарсан сан”-г байгуулах явдал юм. Уг санд төр, дотоодын томоохон компаниуд, хувийн болон гадаадын хөрөнгө оруулагчид оролцох бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрийг нь хараат бус, мэргэжлийн баг гаргах зарчмаар ажиллаж болно.
Энэ загварт МИТА зэрэг салбарын мэргэжлийн холбоод нь хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргагч бус, харин оролцогч талуудыг холбох, стартапуудын хэрэгцээг тодорхойлох, хамтын ажиллагааг санаачлах үүрэгтэй байна. Ингэснээр оролцогч тал бүр нь өөрийн давуу талаар хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ. Томоохон компаниуд нь технологийн бүтээгдэхүүний худалдан авагч төдийгүй хөрөнгө оруулагч болж, төр нь стратегийн эхлэлийн дэмжлэгийг үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчид нь олон улсын зах зээлд гарах боломж, туршлагаа хуваалцана.
Мэдээж ийм “сан”-г байгуулахын тулд эрх зүйн орчин, татварын зохицуулалт, хөрөнгө оруулалтын шалгуур, ашиг сонирхлын зөрчлийн хяналт, сангийн удирдлага, хөрөнгө оруулалтаас гарах механизмыг нарийвчлан боловсруулах шаардлагатай. Хамгийн гол нь энэ нь нэг удаагийн санхүүжилтийн хөтөлбөр бус, урт хугацаанд тогтвортой ажиллах тогтолцоо байх ёстой.
Санаанаас дэлхийн зах зээл хүртэл
Монголын технологийн компаниудын өмнө зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал тулгараагүй. Хүний нөөц, бодит захиалагч, өгөгдөл, дэд бүтэц, олон улсын зах зээлд нэвтрэх боломж зэрэг олон хүчин зүйл харилцан хамааралтай. Иймээс стартапын экосистемийг төр, томоохон компаниуд, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, технологийн бизнесүүд хамтран бүрдүүлэх шаардлагатай.
Хиймэл оюун ухаан, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, төрийн үйлчилгээ зэрэг салбарт Монголын компаниудын шийдлийг хөгжүүлж, экспортлох боломж бий. Гэвч үүний тулд зөвхөн сайн санаа бус, өсөлтийг нь санхүүжүүлэх тогтолцоо хэрэгтэй.
Монголд стартапын санаа, технологийн ур чадвар дутагдаж байгаа эсэхээс илүүтэй тэдгээрийг эхлэлээс нь өсөлт, олон улсын зах зээлд гарах хүртэл дагаж дэмжих хөрөнгө оруулалтын гинжин хэлхээг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудал чухал болж байна.
Шинэ AI эдийн засгийг Монголд бий болгохын тулд хөрөнгө оруулагч, бизнес, төр тус тусдаа ажиллах бус, нэг экосистем болон хамтрах цаг болжээ.


