"Зарим иргэд шатахууныг бараг нэг тонноор нь зарах гээд сууж байна"

Шатахууны нийлүүлэлт, нөөцийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч, салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын бодлогын талаар тодорхой байр суурийг илэрхийллээ.

Г.Дамдиннямын мэдээлснээр шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдал амаргүй байгаа ч харьцангуй зөөлөрч, тогтворжих хандлагатай байна.

  • Сар бүрийн хэрэглээ ба импорт: Манай улсын сарын энгийн хэрэглээ дунджаар 75 мянган тонн байдаг. Тэгвэл өнгөрсөн 8 дугаар сард 50 гаруй мянган тонн, 9 дүгээр сард 60 гаруй мянган тонныг тус тус импортолсон.

  • 10 дугаар сарын баталгаажсан хэмжээ: Энэ сарын хувьд 78 мянган тонн шатахуун авахаар баталгаажуулснаас гадна нэмж 5 мянган тонны яриа хэлэлцээ үргэлжилж байна. Ингэснээр 10 дугаар сард нийт 83 мянган тонн шатахуун баталгаажиж, хэвийн хэрэглээг бүрэн хангах боломж бүрдээд байна.

Импортын захиалга авч, ачилт хийгдэх явцад нийлүүлэгч талын үйлдвэр дрон болон бусад халдлагад өртөх зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлтийн хэмжээ буурах эрсдэл тулгардаг ч нөхцөл байдлыг зохицуулахаар ажиллаж байгааг тэрээр онцоллоо.

Хууль хяналтын байгууллагын шалгалтаар зарим иргэд ШТС-уудаар дахин дахин оочерлож, 500 литр, 1 тонн хүртэл шатахуун авч нөөцлөн, улмаар өндөр үнээр дамлан шаглаж зарж байсан зөрчлүүд илэрчээ. Шаглаж зарах боломж олгосон зарим аж ахуйн нэгжид ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.  Мөн шатахуун авах хэмжээнд хязгаарлалт хийх эсэх, эсвэл автомашины дугаарыг цахимаар бүртгэж өдөрт авах лимитийг тогтоох уу гэдэг асуудлаар салбарын яамнаас судалгаа хийж байна гэлээ.

Сайд Г.Дамдинням ШТС дээр ажиллаж байгаа ажилтнуудад хүндэтгэлтэй хандахыг иргэдэд уриаллаа. Цаг агаар хүйтэрч буй энэ үед өдөржин гадаа зогсон үйлчилж байгаа түгээгч залуус, охид бол ард түмний л нэг хэсэг, амьдралаа залгуулахаар ажиллаж буй иргэд юм. Тиймээс тэдэнд уур бухимдлаа зангидахгүй, хүлээцтэй хандахыг хүслээ.

Шатахууны хараат байдлаас гарах, олон эх үүсвэртэй болох чиглэлээр дараах томоохон ажлууд хийгдэж байна 

  1. Газрын тосны үйлдвэр: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт жил гаруйн өмнө 28%-ийн гүйцэтгэлтэй байсан бол одоо 60 гаруй хувьд хүрээд байна. Уг үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.

  2. БНХАУ-тай хийх хамтын ажиллагаа: Урд хөршөөс тогтмол шатахуун авах гэрээ хэлэлцээрүүдийг хийж байна. Шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр сарын болон жилийн хэрэглээний 60 хүртэлх хувийг урд хөршөөс болон хилээр дамжуулан импортолно. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн эзэмшлийн нийт 3 ачих байгууламж ажиллаж байна.

  3. Бусад улс орнуудтай хийж буй яриа хэлэлцээ:

    • БНВУ (Вьетнам): Энэ сард тус улсаас 12 мянган тонн шатахуун оруулж ирэх ба цаашид тогтмол авахаар тохиролцож байна.

    • Сингапур ба Бруней: Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Сингапур болон Азийн газрын тосны том экспортлогч Бруней улстай хөнгөлөлттэй санхүүжилтээр тусгай түш, бусад бүтээгдэхүүн авах хэлэлцээг эхлүүлнэ.

    • Казахстан: Тус улс бэлэн бүтээгдэхүүний экспортын хомсдолтой тул түүхий тос нийлүүлэх, тээвэрлэлтийг хувийн хэвшил өөрсдөө зохион байгуулах боломжтой гэсэн хариу өгөөд байна.