Зөвшөөрөлгүй худалдаалсан 17 иргэний 500 гаруй литр бензинийг хураажээ

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандартыг хянах хэлтсээс газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан зөрчилд холбогдох шалгалтын үр дүнг танилцууллаа.

Уг шалгалтын явцад харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн хэрэг 18 бүртгэгдэж, холбогдох байгууллагуудад 5 албан бичиг хүргүүлжээ. Мөн хууль бусаар хадгалж, борлуулж байсан нийт 17 иргэний 563.5 литр АИ-92 бензинийг хураан авч, улсын орлого болгох саналтайгаар албадлагын арга хэмжээ авсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь ихэвчлэн ахуйн зориулалттай хуванцар сав болон усны саванд шатахуун нөөцөлсөн байдалтай байжээ. Тухайлбал, иргэн Д.Түвшинжаргал 50 литр, Д.Мөнхсайхан 30 литр, Б.Сүхбат 41 литр, С.Эрхэмбаяр 20 литр, Л.Үенч 20 литр, Т.Өнөжаргал 60 литр АИ-92 бензинийг тус тус усны саванд савласан байдлаар хууль бусаар хадгалж байсныг илрүүлсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон борлуулах нь хуулиар хатуу хориглосон үйл ажиллагаа юм. Энэ нь аюулгүй байдлын ноцтой эрсдэлийг дагуулдаг тул холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

Нийслэлийн хэмжээнд холбогдох хяналт шалгалт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүдийг хууль дүрэмд захигдаж, сонор сэрэмжтэй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна.

    •