Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, 78 настай Ц.Пагмажав боловсрол судлалын доктор (Ph.D) цол хамгаалжээ.
Ц.Пагмажав 1970 онд Багшийн дээд сургуулийг төгссөнөөс хойш боловсрол судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллажээ. Тухайлбал, Архангай аймгийн багшийн сургуульд 7 жил, Өвөрхангай аймгийн МУБИС-ийн харьяа салбар сургуульд МУБИС-ийн багшаар 1993-2002 онуудад Монгол хэл, уран зохиолын багшаар тасралтгүй ажилласан байна. Мөн Заах аргын нэгдлийн дарга, зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж, боловсролын салбарт нийтдээ 50 гаруй жилийг зориулжээ.
Тууштай хөдөлмөрийн үр дүн
Тэрбээр анхны судалгааны ажлаа 1986 онд сурган хүмүүжүүлэх ухаанаар хамгаалж байжээ. Үүний дараа үргэлжлүүлэн боловсрол судлалын чиглэлээр олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, 2026 онд 78 насандаа боловсрол судлалын доктор (Ph.D) зэргээ амжилттай хамгаалсан байна.
Доктор Ц.Пагмажав энэ талаараа: "Би одоог хүртэл өөрийнхөө мэргэжлийн ажил болон номоо өөрөө хийдэг, компьютероор чөлөөтэй ажилладаг. Эрдэм шинжилгээний ажил бол хүнийг эрүүлжүүлдэг, залуужуулдаг юм. Хүн насанд хүрсэн ч гэсэн сурч боловсроход хэзээ ч оройтдоггүй" хэмээн онцлон ярьжээ.
Мөн тэрээр орон нутгийн боловсролыг хөгжүүлэх, залуу багш нарыг дэмжихэд анхаарч, хөдөө орон нутагт амьдарч буй залуучуудад амьдрал ямар сайхан болохыг өөрийн үлгэр дуурайллаар харуулахыг хүсдэг ажээ.





