Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. СЭЗИС-ийг бизнесийн эдийн засгийн бакалавр, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийг санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн. Энэ албан тушаалд томилогдохынхоо өмнө Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэрбээр өмнө нь “Зоос” банкинд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, “Хадгаламж” банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахын зэрэгцээ Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албыг хашиж ирсэн. Өдгөө Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс С.Баатарсүрэнг үүнд нийцэж, дээрх шаардлагыг хангаж ажиллах бүрэн чадвартай гэж үзсэн тул ийн Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилж буйг тус банкны ТУЗ-өөс онцолжээ. Учир нь, С.Баатарсүрэн Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй 18 жил ажиллахдаа долоон жилд нь удирдах албан тушаал хашсан. Ингэхдээ, банк санхүүгийн салбарын бодлого боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулж банкны хяналт шалгалт хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм байна.





