Европын өмнөд хэсэг болох Испани, Португал улсуудад хэт халж, агаарын температур 40 хэм давжээ. Португалын Мертола хотод 40.5 °C хүрсэн бол Испанийн өмнөд нутгуудад 42 °C орчим хэм бүртгэгдсэн байна. Зарим бүс нутагт 43 °C хүрэх магадлалтай хэмээн цаг уурчид сэрэмжлүүлжээ.
Цаг уур судлаачдын мэдээлснээр Африкийн хойд хэсгээс ирж буй халуун, хуурай агаар Иберийн хойгт (Испани, Португал) хэт халалтын гол шалтгаан болж байна.
Хэт халалтын улмаас Испанид эрүүл мэндийн яамнаас анхааруулга гаргаж, өндөр настнууд, хүүхдүүд болон архаг өвчтэй хүмүүсийг аль болох гэртээ байхыг зөвлөжээ. Нарны туяанд удаан байх, ус бага уух зэрэг нь амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.
Иргэдэд өгч буй зөвлөмжүүд:
-
Өдөр бүр 2-3 литр ус уух
-
Гэр, ажлын байраа агааржуулах
-
Хэт халуун үед гадагш гарахгүй байх
-
Наранд халсан автомашин, байранд хүүхэд, амьтан үлдээхгүй байх
Мөн Испанид аялж буй Их Британийн жуулчдад “шар айраг болон согтууруулах ундаа уухгүй байх”-ыг албан ёсоор анхааруулжээ. Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг нь биеийн шингэнийг алдахад хүргэж, дулааны цохилт өгөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс эмч, мэргэжилтнүүд аль болох ус уухыг зөвлөж байгаа юм.
Цаг уурчдын анхааруулга:
Европт ийнхүү зуны эхний хагаст хэт халалт ажиглагдаж эхэлсэн нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой болохыг шинжээчид анхааруулж байна. Ийм нөхцөл цаашид улирлын туршид үргэлжлэх хандлагатай гэж мэдэгдэв.