• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Наалддаггүй хайруулын тавганд нэг зураас гарахад л 9,000 ширхэг бичил хуванцар ялгардаг

Наалддаггүй хайруулын тавганд нэг зураас гарахад л 9,000 ширхэг бичил хуванцар ялгардаг

Шинжлэх ухааны судалгаагаар наалддаггүй (Тефлон бүрхүүлтэй) хайруулын таваг дээр гарсан ганцхан жижиг зурааснаас 9,100 хүртэл бичил хуванцар ялгарч болзошгүй нь тогтоогджээ. Хэрэв илүү том хагарал, гэмтэл гарвал энэ тоо 2.3 саяд хүрэх магадлалтай байна. 

Энэ талаар “Science of The Total Environment” сэтгүүлд 2022 онд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, PTFE буюу олон нийтийн хэллэгээр Тефлон бүрхүүлтэй хайруулын тавагнаас ашиглалтын явцад бичил хуванцар болон нанопластик бодисууд хүнсний орчинд ялгардаг болохыг лабораторийн нөхцөлд баталжээ.

Эдгээр бичил хуванцар нь PFAS хэмээх “мөнх химийн” бодисын бүлэгт хамаарах бөгөөд байгальд задрахгүй, хүний биед хуримтлагдах хандлагатай. Уг бодисууд нь элэг, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.

Шинжээчид Тефлон болон PFAS агуулсан хайруулын тавагнаас татгалзаж, дараах төрлийн аюулгүй сонголтыг санал болгож байна:

  • Цутгамал төмөр хайруулын таваг

  • Эмаль бүрхүүлтэй төмөр

  • Зэвэрдэггүй ган

  • Карбон ган хайруулын таваг

Эдгээр нь химийн бодис агуулдаггүй, удаан эдэлгээтэй, хүний биед сөрөг нөлөөгүй гэдгээрээ онцлог.