Өнөөдөр МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж байна. Хамтарсан засаг тарах уу? үйл хэргээ үргэлжлүүлэх үү? гэх чухал шийдвэрийн талаар гишүүд ямар байр суурь илэрхийлж байгааг тоймлон хүргэж байна.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: АН-ын улс төрийн зөвлөл бол хамтарсан Засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэрт гаргаж байгаагүйг бүгд мэднэ. Түүнээс улсын эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй бол хамтарсан Засгийн газар тарах хэрэгтэй. Ардчилсан намын зүгээс засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Ардчилсан нам улсын эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Тиймээс бид байгуулсан гэрээний талд хатуу байр суурьтайгаар зогсож байгаа
ХҮН намын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Миний хувьд энэ Засгийн газрыг айхтар муу ажилласан гэж бодохгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төсөл зэрэг гол юмаа барьж аваад түүндээ төвлөрөөд явах ёстой атал том мега төслүүдээ заавал нэгэн зэрэг хөдөлгөнө гэж зүтгэж байгаа нь буруу. Гурван том мега төслийг төсвөөс гадуур гаргаж, зээл татаж оруулаад буцааж улсын өр дээр нэмэх санаархлыг хийж байна. Энэ утгаараа Монголын эрх ашигт нийцэх зүйл огт биш гэж үзвэл хамтарсан Засгийн газар солигдох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс өнгөрсөн амралтын өдөр талбай руу гарч залуучуудын эрүүл шаардлагыг дэмжиж гарын үсгээ зурсан.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газар хамтарч байгаа үед УИХ хэлэлцэж буй асуудлаа батлах гэж арай ядан 50 хувиа давж байна. Тэгвэл хамтрахаа болихоор яаж хуулиуд нь явах юм? Энэ том төслүүдээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм ч учраас бага хурал дээр Ерөнхий сайдыг дэмжинэ гэсэн байр суурьтай байна
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Мэдээж иргэдийн тавьж байгаа шаардлага зүй ёсны асуудал. Зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад байгаа шаардлага ч биш, хэнд ч энэ шаардлагыг тавьж болно. Тэртээ тэргүй УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Ойрын өдрүүдэд нэгдсэн чуулганаар 2026 оны үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг хэлэлцэж байна. Энэ өөрөө хуулиар зохицуулагддаг учраас хувь хүнээс огт хамаарахгүй. Төрийн ажил явдгаараа л явна. Түүнээс биш засаг өөрчлөгдөхөөр зогсчихгүй байх.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Миний хувьд энэ Засгийн газар байгуулагдсан үйл явцыг хууль бус гэж үздэг байсан. Өнөөдөр яригдаж байгаа шаардлагууд зүй ёсных гэж үзэж байгаа. Тиймээс нийгэм, улс төрийг талцуулж байхын оронд орлогоо нотлоод шаардлагатай бол мөнгөн гүйлгээгээ харуулчих хэрэгтэй. Харин хамтарсан Засгийн газрын асуудлыг намын гишүүд нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй. Цаашлаад намын даргад хариуцлага тооцох эсэх асуудлыг дүрмээрээ ҮБХ хуралдаж шийдвэрлэх байх.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Нөхцөл байдал амаргүй байна. Улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө хурдтайгаар шийдвэр гаргахгүй бол мега төслүүд хэрэгжихгүй болчих вий. Асуудлыг гоё яриад, шийдвэр гаргахгүй, зөв буруугаа дүгнэж чадахгүй болчихвол яах вэ? Илүү олон төслийг хөдөлгөж, эрчим хүчний реформ хийж, хараат бус байдлаас гарах хэрэгтэй. Үүнийг хийхэд хэн байх, хэн дотор нь ажиллах нь сонин биш. МАН олонх болсон ч улс төрийн хүчнүүдтэй хамтрахаас өөр аргагүй. Ингэж цаг хугацаа хэмнэмээр байна
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Засгийн газрын асуудлаа ярьж байгаа нь ерөөс МАН, АН-ын дотоод улс төр болчихлоо. энэ Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэж ажлаа эхэлсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мега төслүүдээ оруулахдаа УИХ-ын 118 кнопоо ашиглаж оруулж ирж батлуулсан. Энэ үзэгдэл нь хэт эрх мэдлийг өгсөн гэсэн үг. Хортой үр дагавар нь Засгийн газрын бүтцийг данхайлгаж, зарим шаардлагагүй зүйлсийг хөрөнгө хуваарилах замаар эрх мэдэл өгч ажиллуулах зам руу түлхсэн. Тиймээс энэ нөхцөл байдал өнөөдрийн хамтарсан Засгийн газрын нэг гол асуудал гэж хэлж болно. Тиймээс улс төрийн шийдвэрүүд яаж ч гарсан ИЗНН-ын даргын хувьд цаад агуулгаар нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг тодорхой хүмүүст зориулж хийх ёсгүй гэдэг байр суурьтай байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Миний хувьд МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд улс төрийн шийдвэрээ гаргах хэрэгтэй л гэж бодож байна. Бид итгэсэн, найдсан. Эвлүүл гээд хамтарсан Засгийн газрыг байгуулаад өгсөн. Үр дүнд нь юу болсон гэдгийг дүгнэх цаг ирж байна. Ялангуяа улс төрийн бодлого, шийдвэрийн хувьд намын байгууллагууд хуралдаж ярих л ёстой. Харин хувь улстөрчтэй холбоотой асуудлаа өөрөө шийдэх ёстой байх.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цааш нь үргэлжлүүлэх, эсэхээ шийднэ. Энэ асуудал гэнэт гарч ирээгүй. Өмнө нь бид бүлгийн хурлаар энэ талаар 5-6 удаа хэлэлцсэн
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: "Хамтарсан Засгийн газарт багтах МАН-ын урилгыг хүлээн авсан намын гишүүдээс эсрэг байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал АН-ын УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, Засгийн газраас гарах нь зөв гэсэн. Мөн ХҮН-ын гишүүн Ж.Золжаргал жагсаалыг дэмжин, гарын үсгээ зурж, хамтарсан Засгийн газар байх ёсгүй гэжээ. Иймд энэ асуудлыг бид Бага хурлаараа хэлэлцэнэ" гэв.