Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан билээ.
Монгол Улсын Шадар сайдын ахалсан Уур амьсгалын үндэсний хорооны 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021-2024 онууд хүртэл “бэлтгэл”, 2025-2027 онуудыг “эрчимжүүлэх”, 2027-2030 онуудыг “тогтвортой үргэлжлэх” гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл үе шат болох 2021-2024 онуудад хэрэгжүүлсэн ажлыг дараах асуултын хүрээнд бэлтгэв.
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэдэн мод таригдсан вэ?. Үүнээс хэдэн нь ургаж байна вэ?.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 83.9 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Таригдсан нийт модны 80-85% ургалттай байна. Аймгуудаас амлалтаа биелүүлсэн, үлгэр жишээ аймгаар Сэлэнгэ аймаг байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 16.7 сая мод тарьж амлалтынхаа 84%-ийг бэлтгэл үе шатандаа биелүүлээд байна.
2. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс өмнө хэдэн модтой байсан. Одоо хэд болж өөрчлөгдсөн?
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс өмнө манай орны ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж байсан бол тус хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш манай орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13 217.2 мян.га байгаа бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.45 хувь болж өөрчлөгдсөн.
3. Хортон, шавж устгал хэдэн модонд авагдсан вэ?. Хортон устгалын болон тэмцлийн ажил хэдэн га талбайд хийгдсэн. Одоо хэдэн модонд хортон устгалын ажил хийх вэ?.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихаас гадна ойн санг хамгаалах ажил зайлшгүй хийгдэх шаардлагатай байна. 2024 онны байдлаар ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд гүйцэтгэж 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоов. Ойн санг хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд ойн мэргэжлийн 27 байгууллагын инженер техникийн ажилтан нар хийж гүйцэтгэн, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байна.
4. Ой хээрийн түймрийн улмаас хэдэн мод устсан вэ?.
2024 оны байдлаар байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймгийн 54 суманд 133 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Ой хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2023 оны мөн үетэй харьцуулахад 24 % өссөн. Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 951 га, хээрийн 1,032,884 га нийт 1,033,836 га талбай, 1 байшин, 7 гэр, 1 автомашин, 7 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн мэдээтэй байна.
5. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэд орчим төгрөг зарцуулсан, юу юу зарцуулагдсан вэ?.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, ойн аж ахуйн арга хэмжээтэй холбоотой 69 төсөл арга хэмжээнд 38.4 тэрбум төгрөгөөр ажил, бараа, үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан.
ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх дараагийн үе шатанд доорх дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг зорилго болох “Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байна.
- “Нэг сургууль – Нэг төгөл” төслийн хүрээнд хүүхэд, залууст байгаль орчны боловсрол олгох замаар цэцэрлэг, сургуулийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг Боловсролын Яам - Ойн газар - Ерөнхийлөгчийн Тамгын газар - Тэрбум мод сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ.
- Жижиг гол, горхины эх, татмыг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгууд 5 хүртэл, бусад аймгууд 10 хүртэл голын урсац бүрдэх эх болон татмыг ойжуулна зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж эхлээд байна.