Японы ахмад настан 102 насандаа Фүжи ууланд авирч, дэлхийн хамгийн өндөр настай уулчин болж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.
Энэхүү гайхалтай тэсвэр, зоригийн эзэн бол Японы Канагавa мужийн иргэн бөгөөд урьд өмнө нь ч ууланд тогтмол авирч ирсэн туршлагатай нэгэн аж. 3776 метрийн өндөртэй Фүжи уул нь Японы хамгийн өндөр оргил бөгөөд жил бүр олон мянган жуулчид, уулчдыг татдаг. Гэвч 100 нас давсан хүний хувьд энэхүү авиралт бол онцгой эр зориг, биеийн тэсвэр хатуужлыг шаардсан үйл явдал байлаа.
Гиннесийн дээд амжилтын албан ёсны бүртгэгчид авиралтыг баримтжуулан шалгасны эцэст түүний амжилтыг баталгаажуулжээ. Ингэснээр тэрээр “Фүжи ууланд гарсан хамгийн өндөр настай хүн”-ээр дэлхий дахинд тэмдэглэгдэв.
“Жаахан хэцүү, өмнөх удаагийнхаас их өөр мэдрэгдэж байлаа. Гэвч оргилд хүрсэндээ би өөрөө ч гайхаж байна” хэмээн Акузава хэлжээ.
-
1986 онд Тейичи Игараши 99 насандаа Фүжи ууланд гарсан анхны өндөр настай хүн байв. Харин 1994 онд Ичийжиро Арая 100 настайдаа оргилд амжилттай гарч байжээ.
-
Харин Кокичи Акузава одоогоор 102 нас, 51 хоногтойгоор оргилд хүрснээр дээд амжилтыг тогтоосон байна.
Япон улс урт наслалт, идэвхтэй амьдралын жишээгээрээ дэлхийд нэртэй. 100 нас давсан иргэдийн тоогоороо тэргүүлдэг тус орны өндөр настнууд зөвхөн амьдралын уртаараа бус, хийж бүтээж буй үйлсээрээ бусдад урам зориг өгдөг билээ.