Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээждээ, өсөж төрсөн нутаг усныхандаа, үргэлж дэмжиж аяны дөрөөнд минь сүү дусаадаг монголын нийт ард түмэндээ баярлалаа. Анхны урлагийн үзлэгээс эхлэн зааж сургасан багш нартаа, Монгол Улсын Ардын багш О.Ичинхорлоо, тэнгэр болсон УГЖ Д.Банди багшдаа баярлалаа. Энэ өндөр цолыг надад олгож байгаа нь дэлхийн театруудад нэр төртэй ажиллах замналд минь ташуур, урам боллоо. Цаашид эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Итали улсын 3 хотод 12 удаагийн тоглолт хийгээд 2 өдрийн өмнө эх орондоо ирсэн. Нөгөөдөр буцна.
Одоогийн Г.Ариунбаатарыг бий болгосон ханьдаа маш их баярлаж явдаг. Миний сурч, дуулсан дуурь болгоныг надаас илүү мэддэг багш шиг хүн. Монголдоо тоглолт хийхийг хүсдэг. Монголдоо дуу хуураа түгээх нь миний үүрэг, хүсэл сонирхол гэж ойлгодог. Удахгүй тоглолтын тов зарлагдана. Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 23 насандаа авч байлаа. Шагналыг өсөн дэвжих ёстой шалгуур гэж боддог. Монгол хөгжмийн зохиолчдын дууг дуулж, ард түмэндээ хүргэх шиг жаргал байдаггүй юм. Хамгийн том тайз бол эх орны тайз. Хамгийн том үзэгчид бол миний монголын хайртай ард түмэн. Намайг урамшуулж жаахан Ариунбаатараас өдий болтол халуун алга ташилтаар хүлээн авч, ерөөлийн үгээ хайрладагт талархаж явдаг. Энэ итгэлийг алдахгүйн тулд өөрийгөө чанаржуулж, хичээж ирсэн.


