Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээг өргөжүүлж, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Учрал, нийслэлийн 7 дүүрэг,108 Хүүхдийн шуурхай тусламжийн төвийн захирал Б. Отгонцэцэг болон холбогдох албан хаагчид OneSky олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтаар бага насны хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг дэмжих, асран хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд харах болон асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
OneSky байгууллага нь гэр бүлийг чадавхжуулах төв ажиллуулж, хүүхэд, гэр бүлд цогц үйлчилгээ хүргэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, арга зүйгээ хуваалцан ажиллаж цаашид энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.


