• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Наадам, цагаан сар амралтын өдөр тохиовол ажлын өдөр шилжүүлэн амарна

Наадам, цагаан сар амралтын өдөр тохиовол ажлын өдөр шилжүүлэн амарна

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдрийн /2026.10.09/ УИХ-ын Нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Тус хуульд зааснаар 3 ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхийг ипотекийн зээлд дараалалгүй хамруулна гэж заасан нь олон нийтийн хүлээлтийг үүсгээд байгаа билээ.

Тэгвэл тус хуульд бас нэгэн онцлох заалт байгаа нь жил бүрийн 5-р сарын 15-нд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай юм. Мөн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр, Цагаан сарын баярын долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна гэж заажээ. Тодруулбал тус хуулийн төслийн “12.1-т: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр, 4.1.3-т заасан Цагаан сарын баярын өдөр долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна” хэмээн тусгажээ.

Мөн 12.2-т зааснаар “Эрүүл, тогтвортой гэр бүлийг төлөвшүүлэхэд хувь хүн, гэр бүл, нийгэм нийтээрээ идэвхтэй оролцох, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.5-д заасан “Гэр бүлийн өдөр” тохиосон долоо хоногийг нийтээр тэмдэглэнэ” хэмээн тусгаад байна.