Цонхгүй анги, хаалгагүй ариун цэврийн өрөө

Нийслэлийн Ерөнхий боловсролын 34-р дунд сургуульд нэг ангид 65-66 хүүхэд суралцаж байна. Сурагчдын тоо стандартаас 2-3 дахин их байгаа учир өргөтгөлдөө бага ангиуд гурван ээлжээр хичээллэж байна. Түүнчлэн хоёр түрээсийн байранд сургалтын үйл ажиллагаа давхар явуулж байгаа юм. Үүнээс түрээсийн Г байр нь сургуулиас 3 км хол байрладаг. Ингэхдээ төв сургуулиас урагшаа өгсүүр замаар явсаар Нутгийн буян хотхоны түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ стандартын бус, жижиг анги танхимд хүүхдүүд агааржуулалтгүй орчинд хичээллэж байна. Тухайлбал хоёр анги нь огт цонхгүй учир эцэг эхчүүд гомдол гаргаснаар коридор руу харсан хоёр жижиг порчикийг өнгөрсөн амралтын өдрөөр хийжээ. Гэвч байгалийн гэрэл огт тусдаггүй. Цуурай ихтэйгээс гадна зай талбай бага учир хоорондоо зөрөх боломжгүй.

Мөн охидын ариун цэврийн өрөө хаалгагүй, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй орчинд хичээллэж байна. Тус түрээсийн Г байр нь хоёр хэсэг байраас бүрддэг бөгөөд ийнхүү нэг байрны охидын ариун цэврийн өрөө хаалгагүй бол нөгөө байрны охидын ариун цэврийн өрөөны хаалганы түгжээ эвдэрчээ. Зарим охид ариун цэврийн өрөө дараалал ихтэй, мөн ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүй учраас орохгүй байхын тулд ус уудаггүй гэж ярьсан юм.

Мөн тус түрээсийн байр нь өгсүүр газар байрладаг учир өглөө, оройд явахад хүйтэн. Анги танхим нь ч хүйтэн учир сурагчид ханиад хүрсэн талаараа ярилаа. Ийнхүү сурагчдын эрүүл, аюулгүй орчин сурах эрх зөрчигдөж байна. Тухайлбал 7к, 7и ангийн сурагчид тусдаа байранд хичээллэж, 7и ангийн 50 хүүхэд цонхгүй өрөөнд хичээллэдэг. Биеийн тамирын заал байхгүйгээс тус хичээл эхний долоо хоногт огт ороогүй. Харин энэ долоо хоногоос “Нутгийн буян” хотхоны цемент дээр орж байна. Түүнчлэн мэдээлэл зүйн анги, технологийн зориулалтын анги байхгүйгээс сургалтын хэрэгслээр хангагдах боломжгүй нөхцөл байдалд байна.

Түрээсийн Г байранд хичээллэж байгаа хүүхдүүдийг зөөх зорилгоор хичээлийн төв байраас сурагчдын автобус явж эхэлжээ. Гэвч ховор явдаг учир сууж чаддаггүй болохоор ихэвчлэн алхдаг талаараа хүүхдүүд хуваалцсан юм. Багш нарын хувьд мөн төв байраас хичээл орохын тулд түрээсийн Г байранд ирэхэд 5-10 минут хоцрох тохиолдол цөөнгүй гардаг. Эцэг эхчүүдийн төлөөлөл хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэн сургуулийн удирдлага, Боловсролын яам, ХУД-ийн Засаг дарга, ХУД-ийн боловсролын газар зэрэг эрх бүхий байгууллагуудад гомдол гаргажээ.

ХУД-ийн 4-р хорооны иргэн Э.Энхжаргалын хоёр хүүхэд 34-р сургуульд байдаг. Тэрээр хэлэхдээ "Одоо энэ хотын захиргаа байна. Энэ хотын захиргаа чинь хичнээн өндөр билээ. Хэдхэн жилийн дотор бариад нэг дарга нь хичнээн том өрөөнд сууж байна. Гэтэл энэ сургуулийг яагаад энэ хотын захиргаа шиг түргэвчлүүлж болдоггүй юм бэ" хэмээн шүүмжиллээ. 

34-р сургуулийн шинэ барилга ашиглалтанд ортол тус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Учир нь түрээсийн байр олоход хэцүү гэж сургуулийн удирдлагууд тайлбарлаж буй юм. Тэгвэл 34-р сургуулийн шинэ байр хэзээ ашиглалтанд орох вэ?

 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих ажил 2022 онд эхэлсэн хэдий ч барилгын ажил 2023 оны 9 сард эхэлсэн. “Ай Ди Си” ХХК тус барилгын ажлыг 11 тэрбум 800 сая төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байна. Тэд 2024 оны 12 сард тус сургуулийг ашиглалтанд оруулна гэж Ж.Алдаржавхлан гишүүнтэй ярилцсан ярилцлагадаа (2024.04.23) амласан боловч барилгын ажил дуусах болоогүй байгаа бөгөөд хэзээ дуусах талаар ч мэдээлэл байхгүй байна. Ийнхүү 11 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй сургууль 3 жил гацаанд орж, үр дүнд нь сурагчид стандарт эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй орчинд хичээллэж байна. 

Эрх баригчид брожур, явган хүний замын хавтанг жил бүр алгасалгүй сольдог хэрнээ улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсрох сургуулийн барилгын ажил ийнхүү царцсааснаар хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтойгоор зөрчигдөж байна.

 Сурвалжлагын дэлгэрэнгүйг тус линкээр орж үзэх боломжтой: https://www.facebook.com/reel/805418438534555