Янзага зуслангийн их засварын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Их засварын хүрээнд захиргааны байр, амрах байр, кино театр, гал тогооны заал, гадна орчиндоо их засвар хийж, өнгө төрхөө сайжруулжээ. Янзага зуслан 1975 онд Эрдэнэт хотын цэвэр усны хангамж барих цэргийн ангийн казармын зориулалтаар баригдаж байсан түүхтэй. 2002 оноос хүүхдийн Янзага зуслан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд нийт 110 сая төгрөгөөр 6 удаагийн засвар, үйлчилгээ хийсэн байдаг. Харин 2024 онд орон нутгийн төсвөөс 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийлээ. Цаашид Янзага зуслангийн үйл ажиллагааг жилийн дөрвөн улиралтай болгон хүүхэд, гэр бүл амардаг орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. Монгол Улсад усан бассейнтэй хүүхдийн зуслан гурав байдгын нэг нь Янзага. Зуслангийн давуу талаа ашиглан орчин үеийн стандартад нийцүүлэн цогц бүтээн байгуулалтыг хийснээр гэр бүл амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн үнэ цэнтэй орчин бүрдэнэ гэв.


