АНУ, Хятадын хоорондын худалдааны зөрчил дахин хурцадлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 125%-ийн татвар оноосны дараа Хятадын Гадаад хэргийн яам хатуу байр суурь илэрхийллээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч олон нийтийн сүлжээнд “Бид бол хятадууд. Бид хожигдохгүй” хэмээн мэдэгдэж, улс орныхоо байр суурийг хамгаална гэдгээ ил тод илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Трамп Хятадын энэ мэдэгдлийг “хүндэтгэлгүй” гэж үзэж, АНУ-ын эсрэг 84%-ийн татвар оноохоор төлөвлөж буй Бээжингийн шийдвэрийг шүүмжилсэн байна. Тэрээр энэ нь зөвхөн АНУ-ын эдийн засагт төдийгүй дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлнө хэмээжээ.

Хоёр улсын хоорондын энэхүү тарифын зөрчил нь олон улсын хөрөнгө оруулагчдыг түгшээж, дэлхийн зах зээлд тодорхой бус байдал үүсгэж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд цааш хэрхэн өрнөх нь анхаарлын төвд байгаа аж.