Өнөөдөр /2025.06.18/ Монгол орон даяар Элсэлтийн Ерөнхий шалгалт эхэллээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 43318 шалгуулагч хамрагдах юм. Тэгвэл БНСУ-д Элсэлтийн ерөнхий шалгалтын өдөр яагаад чухал байдаг талаарх мэдээллийг хүргэж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсад жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг их, дээд сургуульд элсэх шалгалтын өдөр бол зүгээр нэг боловсролын сорилго биш, харин улс даяар “онцгой дэглэм” зарлагддаг чухал өдөр юм. Энэ өдөр нийт 600 мянга орчим сурагчө-д хамрагдаж, онооны дүнгээс хамааран хүссэн их, дээд сургуульдаа элсэн суралцах боломжийг олж авдаг. Тиймдээ ч энэ өдөр зөвхөн сурагчид төдийгүй төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс хүртэл онцгой бэлтгэл, зохион байгуулалт хийгддэг.
Нисэхийг хориглодог шалгалтын мөч
Шалгалт эхлэхтэй зэрэгцэн тусгай дэглэм үйлчилж эхэлдэг. Сонсголын шалгалтын үеэр тодорхой цагуудад шалгалт авч буй сургуулиудын дээгүүр онгоц, нисдэг тэрэг нисэхийг хориглодог. Энэ нь сурагчдын анхаарал сарниулах аливаа чимээгүй орчныг бүрдүүлэх зорилготой.
Улсын хэмжээнд сурагчдад зориулсан зохион байгуулалт
Шалгалтын өдөр нийтийн тээвэр, эмнэлгийн байгууллага, цагдаа, онцгой байдал, сайн дурынхан гээд олон байгууллага бүх анхаарлаа шалгалтад төвлөрүүлдэг. Нийслэл болон орон нутгийн захиргаа сурагчдын тав тухыг хангаж, гэнэтийн хэрэгцээнд шаардлагатай тусламжийг урьдчилан бэлддэг.
-
Нийтийн тээвэр (метро, автобус, такси) нэмэлтээр гарч, тусгай тэмдэглэгээтэй тээврийн хэрэгслүүд сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
-
04:00–12:00 цагийн хооронд таксинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн сайн дурын жолоочид тусгай шошготой таксийг нэмэлтээр гаргана.
-
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай такси, үйлчилгээг урьдчилан бэлддэг.
Цагдаагийн хамгаалалт, шуурхай хүргэлт
Өглөөний 04:00 цагаас эхлэн шалгалт явагдаж буй сургуулиудын эргэн тойронд цагдаагийн нэмэлт хүч ажиллана. Тэд замын хөдөлгөөнийг зохицуулж, түгжрэл үүсгэхгүй байхад анхаарч, автомашинуудыг дуут дохио ашиглахгүй байхыг хянадаг.
Шалгалтад хоцрох аюултай сурагчид гарвал цагдаагийн мотоцикль болон автомашин тэднийг тухайн байранд түргэн шуурхай хүргэхэд бэлэн ажиллана.
Нэг өдрийн төдий биш, нэг насны нөлөөтэй шалгалт
Солонгосын боловсролын тогтолцоо өндөр өрсөлдөөнтэй. Иймд Сүнүний өдөр нь сурагчдын ирээдүйд шууд нөлөөлөх төдийгүй гэр бүл, нийгмийн бүх хүрээнд сэтгэл зүйн хувьд том дарамт үүсгэдэг. Гэсэн ч энэ бол зөвхөн шалгалт өгөгчдийн сорилт биш. Харин нийтээрээ хамтран дэмждэг, улс даяар сурагчдын төлөө ажилладаг цөөн өдрийн нэг билээ.