2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатарын тэнгэрийг донсолгосон аймшигт үйл явдал болсон. Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчимд газ тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн том оврын машин патрол машинтай шүргэлцсэний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, сэтгэл шимшрүүлсэн зураглал зүрхэнд хоногшжээ.
Энэ ослоос болж долоон хүн амиа алдаж, олон арван иргэд гэмтэж, 34 автомашин, дөрвөн барилга шатаж, нийтдээ 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Амиа алдсан иргэд бол үүрэг гүйцэтгэж явсан гал сөнөөгчид, ажлаа хийж явсан залуус, гэртээ хариж байсан өрхийн тэргүүн байв. Тэдний зураг, ойр дотныхондоо үлдээсэн дурсамж л үлджээ. 200 орчим хүн өнөөг хүртэл орон гэргүй хэсүүчилж хэргийг шүүхээр шийдвэрлэхийг хүлээж буй…
Цистерн ба хяналтын сул тал
Ослын гол анхаарал татсан зүйл нь “Дашваанжил” компанийн хий тээвэрлэж байсан цистерн байлаа. Уг чиргүүл 2008 онд үйлдвэрлэгдэж, ашиглалтын 15 жилийн хугацаагаа дууссан байсан ч Монголд 16 дахь жилдээ ашиглаж байжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хий дамжуулах хоолойд олон улсад 3 давхар хаалт тавьдаг байтал манай улсад ихэнхдээ 2 хаалттайгаар ашигладаг. Осол гарах үед цахилгаан соронзон хаалт нь ажилласан эсэх, хамгаалалтын хайрцаг бодитоор байсан эсэх нь нийтэд тодорхойгүй үлджээ.
Энэ бүхэн нэг том асуултыг босгосон: Аюултай ачааг тээвэрлэхэд хяналт хаана байсан бэ?
Өмнө нь Мэргэжлийн хяналтын газраас хянадаг байсан бол тус газрыг татан буулгаж, өөрчлөгдсөний дараа хяналт салбар яамдад шилжжээ. Гэвч мэргэшсэн хяналт эзэнгүйдэж, байгууллагууд хариуцлагаа бусдад “шидсэн” дүр зураг эндээс харагдана.
Хот төлөвлөлт ба аюулгүй байдлын сорилт
Энэ эмгэнэлт хэрэг Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон. Галд хамгийн их өртсөн нь “Эдү апартмент” нэртэй 60 айлын орон сууц байв. Тэд өвлийн хүйтэн шөнө орох оронгүй болсон. Өмссөн хувцастайгаа амь дүрвэж гарснаас хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрч байна
Хууль ба хариуцлага
Хэргийг Эрүүгийн хуулийн 10.6, 11.3, 11.5 дугаар зүйлчлэлээр шалгаж, “Дашваанжил” ХХК-ийн захирал болон жолоочийг яллагдагчаар татсан. Прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн ч урьдчилсан хэлэлцүүлэг хэд хэдэн удаа хойшлогдож, өнөөгийн байдлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Шалтгаан нь хохирсон иргэдийн сэтгэл санааны хохиролыг үнэлэх…
Энэ бол зөвхөн нэг компанийн осол биш. Энэ бол хяналт, зохион байгуулалт, хариуцлагагүй байдлын нийлбэр.
Бид мартах эрхгүй
Дүнжингаравын дэлбэрэлт бол нийтийн эмгэнэл. Энэ бол бидний төр, засаг, хяналтын байгууллага, хот төлөвлөлт, компанийн соёлын доголдол, иргэн бүрийн хяналт оролцоо дулимаг байсны илэрхийлэл байсан юм. Өнөөдөр тэдэнд тохиолдсон уй гашуу хохирол энэ хэвээр байвал дахин өөр бусдад нүүрлэхгүй гэсэн баталгаа алга…
Тэр шөнө хотын тэнгэрт нүргэлсэн дэлбэрэлт өнөөдөр ч бидний зүрхэнд цуурайтаж байна. Амь үрэгдсэн иргэд, амиа дэнчин тавьсан галын алба хаагчдын төлөө бид мартах учиргүй
Энэ хэрэг биднээс нэг л асуултыг нэхсээр байна: “Дахиад ийм осол давтагдвал бид хэнийг буруутгах вэ?”
Улаанбаатарын хөгжлийн төлөвлөгөө 500 мянган хүнд зориулагдсан атал өнөөдөр 2.2 сая хүн амьдарч байна. 1 га талбайд 420 хүн амьдрахаар тооцсон ч одоо 800-900 хүн шахцалдан амьдрах болсон. Энэ нь гамшиг, гал түймрийн үед аврах гарц, замын нэвтрэлт, аюулгүй байдлыг ноцтойгоор алдагдуулж байна.