Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн танилынхаа “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нийт 6,740,000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан гэх гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн шалгалтын ажиллагаагаар залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогджээ.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд "Бараа үйлчилгээ захиалах", "Хямд үнээр байр түрээсэлнэ", "Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна", "Гадаадын их дээд сургуульд зуучилна", "Виз гаргаж өгнө", "Шуурхай зээл гаргана", "Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай" зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.