Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг гүйж туулах аялал эхлүүлээд 50 хонож байна. өнөөдрийн байдлаар тэрээр нийт туулах замын 50%-ийг туулаад байна.

Түүнтэй хамтран гүйгч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишигийн хувьд 2222 км замыг туулсан амжилтаар гүйлтээ зогсоосон ч төв суурин газруудад мөн л хамтдаа гүйж, цэргийн алба, хэт холын марафон спортыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчилж байна.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сум нь 1945 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ онд түүхт 80 жилийн ой нь тохиож буй аж. Тус сум нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумд болон Дорнод аймгийн Цагаан-Овоо, Булган зэрэг сумдтай хил залган зүүн гурван аймгийн уулзварт Улаанбаатар Дорнодыг холбосон төв зам дагуу оршдогоороо онцлог байна.