АТГ-аас өнөөдөр олон улсын хүүхэд асрах байгууллагын Монгол дахь салбарын захирал Ж.Хатанбаатарын гэр, ажлын байранд нэгжлэг хийж хэд хэдэн сэжигтэй эд зүйлийг хураан авчээ.
Өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд байнгын халамж, үйлчилгээ үзүүлдэг “СОС-Киндердорф Интернэйшнл” гэх нэртэй олон улсын байгууллагын Монгол дахь салбар буюу “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо” НҮТББ манай улсад 25 дахь жилдээ ажиллаж байгаа юм. “СОС-Киндердорф Интернэйшнл байгууллага”-ын төв нь Австри улсын Инсбрук хотод байрладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар 1998 оны 7 дугаар сард хоёр талт гэрээг байгуулан, тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гарын үсэг зурж, улмаар УИХ соёрхон баталснаар албан ёсны салбар байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “Сос-Киндердорф Интернэйшнл” байгууллагаас өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд халамж үзүүлэх зорилгоор Монгол Улсын салбар байгууллагадаа жил бүр 3,0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож явсаар сүүлийн 3 жилд л гэхэд тусламжийн мөнгөн дүн өсөж нийт 18,0 төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Монгол дахь салбар байгууллага үүсэн байгуулагдсан цагаас хойш уг байгууллагын захирлаар ажиллаж ирсэн Ж.Хатанбаатар нь тухайн мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан, хуурамч баримт бичиг бүрдүүлэн их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
АТГ-ын нэгжлэгээр Ж.Хатанбаатарын ажлын өрөөнөөс 10 гаруй аж ахуйн нэгжийн тамга тэмдэг гарсан бөгөөд тэдгээр нь “цаасны” компаниуд байсныг тогтоогоод байна. Ж.Хатанбаатар дээрх компаниудаар дамжуулан гэрээ хийж мөнгө гаргуулан хувьдаа авдаг байсан байна.