Монголын залуу найруулагч П. Золжаргал өөрийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох "Баавгай болохсон" (If Only I Could Hibernate) киногоо Японы нэр хүндтэй 桜美林大学 (J.F. Oberlin University)-д тусгайлан толилуулах гэж байна.
Энэхүү үзвэр нь 2025 оны 6-р сарын 28-ны Бямба гарагт 14:00 цагаас, тус сургуулийн Hinatayama campus-ийн Урлаг, Соёлын танхимд (Geijyutsubunka Hall) зохион байгуулагдана.
Найруулагч П.Золжаргал энэ сургуулийн төгсөгч бөгөөд уран бүтээлээ багш, ангийнхан, оюутнуудад хүргэх гэж буй нь түүний хувьд ихээхэн утга учиртай мөч юм.
"If Only I Could Hibernate" кино нь Каннын кино наадамд шалгарсан анхны монгол бүрэн хэмжээний кино бөгөөд Улаанбаатар хотын ядуу дүүрэгт амьдардаг нэгэн хүүгийн мөрөөдөл, амьдралын тэмцлийг бодитоор харуулсан бүтээл юм.