Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms International Music Competition-ийн Азийн шигшээ шатанд Монголын авьяаслаг бяцхан хөгжимчин Г.Гансүх “Grand Prix” буюу шилдэгийн шилдэг шагналын эзэн боллоо.
Тэрээр “Children B” насны ангилалд өрсөлдөн, Францын алдарт хөгжмийн зохиолч Эдуар Лалогийн “Symphonie Espagnole”-ийн эхний хэсгийг толилуулжээ. Нас, туршлагаас үл хамааран дэлхийн сонгодог бүтээлийг өндөр түвшинд тоглож, шүүгчдийг гайхшруулсан нь түүнийг энэ нэр хүндтэй шагналын эзэн болгосон юм.
Brahms International Music Competition бол дэлхийн олон орны авьяаслаг хүүхэд, залуусын ур чадвар, хөгжмийн боловсролын түвшинг сорьдог нэр хүндтэй уралдаан. Түүний энэхүү амжилт нь Монголын залуу үеийн авьяаслаг хөгжимчдөд урам зориг өгч, сонгодог урлагт манай улсын нэрийг өндөрт өргөсөн томоохон үйл явдал болж байна.