Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх хүрээнд 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан “ногоон автобусны” гэх тодотголтой эрүүгийн хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж, шүүгдэгчдийг гэм буруутайд тооцон ял оногдууллаа.
Улсын дээд шүүхээс тус хэрэгт холбогдох өмнөх шатны шүүхүүдийн цагаатгах шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосны дагуу хэргийг ийнхүү анхан шатны шүүхээр дахин хэлэлцэн шийдвэрлэсэн нь энэ юм.
Хэргийн үйл баримт ба Дээд шүүхийн дүгнэлт
Прокурорын байгууллагаас 2023 оны автобус худалдан авах ажиллагаанд гүйцэтгэгчээр шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Тодруулбал, “Евро-2” стандартын хуучин дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” стандартын шаардлага хангасан мэт харагдуулах зорилгоор гадаад улсын үйлдвэрт “Евро-5” стандартын AdBlue сав суурилуулж, хуурамч тэмдэглэгээ, наалт хийсэн байна. Улмаар автобусны бодит техникийн үзүүлэлтийг нуун дарагдуулж, худал мэдээлэл ашиглан улсын хилээр нэвтрүүлсний дараа улсын төсвөөс санхүүжилт авч залилсан гэж буруутгажээ.
Өмнөх шатны шүүхүүд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг залилах гэмт хэргийн арга хэрэгсэл төдий гэж үзэн хэрэгсэхгүй болгосон, мөн ажлын хэсгийн гишүүнийг өөр хэлтэст ажилладаг гэх үндэслэлээр цагаатгасан нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцэхгүй гэж Улсын дээд шүүх дүгнэн, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм.
Анхан шатны шүүхийн шийдвэр
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 (Залилах) болон 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцон дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч А.Ганхуяг: Залилах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оноов. Цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжээр тооцон хасаж, эцсийн торгуулийг 39,985,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ким Кэабаум (БНСУ-ын иргэн): Залилах гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 35,000 нэгж буюу 35,000,000 төгрөгөөр торгох ял оноов. Цагдан хоригдсон 14 хоногийг хасаж тооцсоноор 34,790,000 төгрөгийн торгууль төлөхөөр болов.
Шүүгдэгч Ли Жонгсуб (БНСУ-ын иргэн): Залилах гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оноов. Цагдан хоригдсон 13 хоногийг хасаж тооцсоноор 29,805,000 төгрөгийн торгууль төлөхөөр боллоо.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат: Залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Ч.Мөнхбаяр: Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.


