• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэлээс “ДЭНС МЕДИА ХХК” -тай хамгийн өндөр дүн буюу 30 саяар гэрээ байгуулжээ

Нийслэлээс “ДЭНС МЕДИА ХХК” -тай хамгийн өндөр дүн буюу 30 саяар гэрээ байгуулжээ

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус Ерөнхий сонсголын үеэр "Монголын Залуучуудын эвсэл" ТББ-ын захирал Т.Амарзаяа өнөөдөр НЗДТГ болон НИТХ-тай гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хийсэн анализ дүгнэлтийг олон нийтэд танилцууллаа. Түүний илтгэлээс сонирхол татсан мэдээллүүдийг хүргэе.  

"Монголын Залуучуудын эвсэл" ТББ нь 2023 оноос хойш төсвийн ил тод байдлын чиглэлээр ажиллаж байгаа аж. Ялангуяа Нийслэл 9 дүүргийн төсөв дээр ажиллаж, анализ судалгаа хийж байна. Харин өнөөдрийн хувьд нийслэлийн 2024, 2025 оны хэвлэл мэдээллийн зардалд хийсэн дүн шинжилгээний талаарх мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн 2024-2026 оны хугацаанд нийтдээ 3 тэрбум 150 сая төгрөгийн 306 гэрээ байгуулжээ.  

Үүнээс 9 дүүрэг нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын төсвийг харвал, НЗДТГ дангаараа 40 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнтэй гэрээнүүдийг хийжээ. Дүүргүүдийг эрэмбэлж, нийт хувиар нь харах юм бол НЗДТГ-45%, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэх мэт хийсэн гэрээнүүдийн эзлэх дүн нь харагдаж байна.

Хамгийн их дүнтэй 10 гэрээг шүүжээ. Үүнд хамгийн өндөр дүнг “ДЭНС МЕДИА ХХК” -тай 30’000’00 төгрөгөөр байгуулжээ. Улмаар“МОНГОЛЫН ЦАХИЛГААН МЭДЭЭ”,“ЭНХ АРСЛАН ХХК”, “ЛОГОО ХХК” зэрэг хамгийн их дүнгээр гэрээ байгуулсан хэвлэлүүдийг дараах слайдаас харах боломжтой. 

Хамгийн бага дүнтэй гэрээнүүд мөн адил 1’900’000-4’500’000 төгрөгийн хооронд буюу шилэн дансны хууль зөрчихгүйгээр хийгдсэн гэрээнүүд байна. Сонирхолтой гэвэл хувь хүн рүү хийсэн гурван гэрээ байсан бөгөөд энэ нь 8’400’000, 15’000’000, 15’000’000 төгрөгөөр хувь хүмүүс рүү шилжүүлжээ. Аж ахуйн нэгжийн хэлбэрийг харвал нийт 93 ХХК, 30 ТББ, Телевиз, Хувь хүн, өдөр тутмын сонин байна.

Гэрээний үнийн дүнг дунджаар харвал хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 5’000’000 төгрөгт багтах үнийн дүнтэй гэрээнүүд хамгийн их байна. 

"Монголын Залуучуудын эвсэл" ТББ-ын захирал Т.Амарзаяа "Энэхүү пүн шинжилгээнд үндэслэн ерөнхийд нь дүгнэвэл хэвлэл мэдээллийн зардал хэмээн жижиг дүнтэй олон гэрээ хийх замаар хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж харж байна. Учир нь Нийслэлийг шүүмжилсэн, төсвийн ил тод байдлыг ил болгохыг шаардсан хэвлэлийн бага хурал болон мэдээллүүд хийхэд хэвлэлийнхэн огт ирдэггүй. Их, бага хэмжээгээр нийтдээ 306 гэрээ гэдэг бол бага тоо биш. Бага дүнтэй ч бай, их дүнтэй ч бай гэрээнүүд хийх байдлаар хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлөх буюу нийслэлийг шүүмжлэхгүй байх боломжтой гэж харж байна" 

Нийслэлийн ТӨК-уудын хэвлэл мэдээллийн зардал, Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна. Мега төслүүд, төр хувийн хэвшлийн түншлэлийн замаар хийсэн төслүүд гэх мэт гэрээнүүд мөн ил тод биш байна. Өнөөдөр танилцуулсан бол зөвхөн НЗДТГ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  албан ёсоор хийсэн гэрээнүүд. Үүнийг бидний зүгээс зөвхөн мөсөн уулын орой харагдаж байна гэж үзсэн. Тендерийн хуулийн цоорхойг ашиглан, шилэн дансанд бүртгэлгүй гэрээнүүдийг олноор нь хийсэн байна. Нийслэлийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны зардал нэрээр шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж байхгүй гэрээнүүд маш олон байгаа учир, Нийслэлийн аутитийн газраас хэвлэл мэдээллийн зардалд хяналт, шалгалт хийж, гүйлгээний утгын дагуу үйл ажиллагаануудаа хийсэн байна уу гэдэгт шалгалт хийх хэрэгтэй" гэв.