Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, БНХАУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэн тогтмолжуулах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах шийдэлд хүрэв.
Өнөөгийн байдлаар манай улсын нийт шатахууны хэрэглээний 65 хувийг дизель түлш эзэлж байгаа бөгөөд дотоодод үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай томоохон уул уурхайн компаниудын жил тутмын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 1.2 сая тоннд хүрч өссөн байна. Иймд салбарын яамнаас тавьсан саналыг тус ААН-үүд дэмжиж, БНХАУ-ын төр засаг болон байгууллагынхаа түвшинд өөр өөрсдийн шугамаар хандан Монголд нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, ажил хэрэгчээр хамтрахаа илэрхийллээ.
Гол онцлох шийдвэрүүд ба дараагийн алхмууд:
-
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд шатахууны импортыг өсгөх чиглэлд тус улсынхаа холбогдох талуудад хүсэлт уламжилж, бодит дэмжлэг үзүүлснээр ойрын хугацаанд ахиц гарна гэж үзэж байна.
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ажлын хэсэг ирэх сард болох Сайдын албан айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор БНХАУ-ыг зорив.
-
Ажлын хэсэг газрын тосны хайгуулыг нэмэгдүүлж, нүүрснээс шатахуун үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх болон шатахууны импортыг тогтворжуулах чиглэлээр Хятадын талтай хэлэлцээ хийнэ.





