Улс төрчид олон нийтийн анхаарлыг татах, өөрсдийн имижийг бэхжүүлэхдээ янз бүрийн арга хэрэглэдгийн нэг тод жишээ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 100 кг жинтэй штангийг 20 удаа шахаж буй бичлэг цахим орчинд эрчимтэй тархаж, дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд өргөн тархаад байна.
Энэ жил 58 настай Монголын Ерөнхийлөгч 100 кг-аар 20 удаа шахаж байгаа нь дасгал, хөдөлгөөний ач холбогдол, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж байна хэмээн цахим сүлжээнд бичиж байгаа юм. Нийгмийн нэг хэсэг үүнийг спортыг дэмжсэн эерэг алхам хэмээн харж байгаа ч улс төрийн хөшигний цаадах бодит зүй тогтлыг анзаарвал өөр өнцөг харагдана.
"Хүчирхэг удирдагч"-ийн имиж бүрдүүлэлт Төрийн тэргүүн биеийн хүч, сахилга бат, чийрэг чанараа харуулах нь дэлхийн улс төрд шинэ үзэгдэл биш. Улс төр судлалд үүнийг "хүчирхэг, шийдэмгий, эрүүл удирдагч" гэх дүр төрхийг сонгогчдын ухамсарт суулгах төлөвлөгөөт пиар технологи гэж үздэг.
Гаднын хэвлэлийн сонирхол ба олон улсын реакц Тус бичлэг олон улсын анхаарлыг татсан нь ч учиртай. Их Британийн тамирчин, 2017 оны Дэлхийн хүчтэний тэмцээний аварга Эдвард Холл Английн “Sport Manual” сэтгүүлийн вэбсайтад нийтлэгдсэн мэдээг хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай онцолсон юм.
Мөн Пакистаны Express Tribune сонинд “У.Хүрэлсүх 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улс төрийн карьертаа хөл тавихаас өмнө Монголын армид алба хааж байсан” хэмээн мэдээлсэн байна.
Гэвч ийнхүү гаднын шар хэвлэл болон спортын хуудаснууд мэдээлж байгаа нь Монголын улс төрийн нөхцөл байдалд өгч буй дүгнэлт биш бөгөөд сонин содон, сенсацитай "вирал контент" төдий зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.


Улс төрчийн хувийн сонирхлыг олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх хэрэгсэл болгон ашиглах нь орчин үеийн сошиал пиарын гол аргуудын нэг билээ. Reuters агентлаг мэдээлэхдээ: “У.Хүрэлсүх улс төрөөс гадна олон төрлийн сонирхолтой нэгэн юм. Тэрээр хөгжим, мотоциклд дуртай бөгөөд 50 насандаа байгуулсан “Pals” хамтлагт гитар тоглодог байна. Мөн Улаанбаатар дахь Harley-Davidson сонирхогчдын клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан” хэмээн түүний хувийн хобби, дүр төрхийг онцолсон байдаг.
Бодит асуудлаас анхаарал сарниулах хэрэгсэл үү? Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, инфляц, амьжиргааны түвшин гэх мэт бодит сэдвүүд өрнөж байх үед иймэрхүү сошиал контент цацагдах нь олон нийтийн шүүмжлэлт сэтгэлгээг сарниулах талтай. Төрийн бодлого, хийсэн ажлаараа биш, биеийн чадлаар болон хувийн сонирхлоороо тренд болох нь удирдагч хүний үндсэн чадамжийг илтгэх гол үзүүлэлт биш юм.
Дүгнэж хэлэхэд, уг бичлэг нь зүгээр нэг эрүүл амьдралыг сурталчилсан үйлдэл гэхээсээ илүүтэй олон нийтийн сэтгэл зүйд "хүчирхэг удирдагч"-ийн дүр төрхийг хоногшуулах зорилготой улс төрийн маркетингийн нэгэн хэсэг гэж харагдаж байна.



