• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УИХ-ын гишүүд шалтгаангүйгээр чуулганд суухгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

УИХ-ын гишүүд шалтгаангүйгээр чуулганд суухгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Иргэн Б.Сайнбаяр УИХ-ын зарим гишүүд шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг орхин гарах, ирцэд бүртгүүлэхгүй байх зэргээр Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ.

"УИХ-ын гишүүн бол хувь хүн биш, ард түмний элч"

Тэрээр хэлэхдээ, "УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл болсон төрийн албан тушаалтан.  Гэтэл өнөөдөр зарим гишүүд гомдож тунирхсан хүүхэд шиг 'Би суухгүй', 'Би ирцэд бүртгүүлэхгүй' хэмээн дур зоргоороо аашилж байна. Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм" гэж онцлов.

Тангаргаасаа няцвал гишүүнээс татах үндэслэл болно

УИХ-ын дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн эсрэг болон олон нийтийн эрх ашгийн эсрэг асуудал хэлэлцэж байгаагаас бусад тохиолдолд чуулганыг орхин гарах, суухгүй байхыг хориглодог. Гишүүд нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн атлаа улсын төсөв гэх мэт чухал асуудлыг хэлэлцэх үеэр хурлаа орхин гарч байгаа нь өргөсөн тангаргаасаа няцаж, эх орноосоо урваж буйтай адил үйлдэл гэж тэрээр үзэж байна.

Хууль дээдлэх зарчмыг шаардаж байна

"Цэрэг хүн харуулын байрандаа, эмч хүн хагалгааны ширээний ард хариуцлагаа ухамсарлан зогсдог шиг УИХ-ын гишүүн ч хууль тогтоох үндсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Иймд хуулийн дагуу нотлох баримтуудыг цуглуулан Үндсэн хуулийн цэцэд дүгнэлт гаргаулахаар хандаж байна. ҮХЦ шалтгаангүйгээр хуралдаанд суухгүй байгаа гишүүдийг дуудаж, албан ёсны тайлбар авах хэрэгтэй" хэмээн иргэн Б.Сайнбаяр мэдээллээ.