Ирэх даваа гарагаас эрс хүйтэрч нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 1 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.6 мм, Завхан аймгийн 1 суманд 0.1 мм, Өмнөговь аймгийн 1 суманд 0.1 мм, Төв аймгийн 12 суманд 0.3-12 мм, Увс аймгийн 1 суманд 0.7 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 5 мм, Хэнтий аймгийн 8 суманд 0.9-4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Төлөв байдал хур тунадас: 25-26-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн зарим сумдаар, 26-нд Булган, Төв, Сэлэнгэ, Дундговийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 26-27-нд шилжих шөнө Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас, 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 29-нд Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.