• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Оюутолгой ХК-ийн зэсийн баяжмалын экспортын замыг тэмцэгчид хааж, тээвэрлэлтийг зогсоолоо

Оюутолгой ХК-ийн зэсийн баяжмалын экспортын замыг тэмцэгчид хааж, тээвэрлэлтийг зогсоолоо

Оюутолгой ХК-ийн зэсийн баяжмалын экспортын замыг тэмцэгчид хаалаа. Энэ зам хаагдсанаар долоо хоног тутамд 35 тэрбум төгрөгийн татварын орлого тасалдах, мөн 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй гэсэн эдийн засгийн тооцоолол бий. Тодруулбал 2025 онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлжээ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлдэг байна. 

Тус зам хаасан иргэд Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардсан бөгөөд уурхайн гадна жагсаал хийж байсан юм. Тэгвэл тэд өнөөдөр өглөө 09:00 цагаас эхлэн уурхайгаас экспортын гарцыг чиглэсэн авто замыг хааж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоолоо.

Монгол Улсын томоохон төслүүдийг гацаах эрх ашиг хэн нэгэнд байгаа юу гэдэг асуудал анхаарал татна. Өмнө нь "Халзанбүргэдэй" төслийнхнийг хөөж нөөц тогтоох гэсэн оролдлогыг зогсоож гацаасан. Харин одоо гуравдагч улсын ганц том хөрөнгө оруулагчийн оролцоо бүхий дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх "Оюу Толгой" төслийн үйл ажиллагаанд санаатайгаар ийнхүү халдаж эхэллээ. Энэ тухай Уул уурхайн сайд Г.Дамдинням: "Дөнгөж сая ЗГ-ын хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ААН-ын үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өглөө. " хэмээн өөрийн X жиргээ хаягаар дамжуулан мэдээлэл өглөө.