• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХДХВ-ийн халдвартай холбоотой цахим орчинд тархсан мэдээлэл хуурамч гэв

ХДХВ-ийн халдвартай холбоотой цахим орчинд тархсан мэдээлэл хуурамч гэв

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэд болон хүүхдүүдийн талаар тархаад буй ХДХВ-ийн халдвартай холбоотой мэдээлэлд албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Статистик ба бодит байдал

Монгол Улсад 1992 онд ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 451 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 24 шинэ тохиолдол оношлогдоод байна. Нийт тохиолдлоос 73 хүн нас барж, 40 хүн гадаад улсад амьдарч байгаа бол эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, эмчилгээнд хамрагдаж буй 322 буюу 95.2 хувь нь байна. Түүнчлэн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрөхөд эхээс хүүхдэд халдвар дамжсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нийт халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжжээ.

Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн мэдээлэл өндөр нууцлалтай хамгаалагддаг бөгөөд тусламж үзүүлж буй эмч, мэргэжилтнүүд нууцын гэрээ байгуулан ажилладаг юм. Цахим орчинд тархаж буй эдгээр мэдээллүүд нь хүний нэр төрд санаатайгаар халдсан, үндэслэлгүй хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдлээ.