Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын дарга нартай уулзаж, улс орны эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд чухал үүрэг, даалгавруудыг өглөө.
Төрийн тэргүүнээс өгсөн чиглэлийг багцлан хүргэж байна.
-
Үндэсний эв нэгдэл ба хүний эрх: Үндсэн хуулийн дагуу хэнийг ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь гадуурхах ёсгүй. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эв нэгдэлд хохирол учруулах аливаа зохисгүй үг, үйлдлийг нэн даруй таслан зогсоохыг шаардлаа.
-
Төрийн албан ёсны хэл: Монгол хэлээ эзэмших нь иргэн бүрийн үүрэг. Хүүхэд бүрд багаас нь эх хэлийг нь сургахад төр засаг, боловсролын салбар болон орон нутгийн удирдлага тусгайлан анхаарч ажиллах шаардлагатай байна.
-
Газар нутгийн ашиглалт, зохицуулалт: Өвөлжөө, хаваржаа, бэлчээр, байгалийн болон түүх, соёлын дурсгалт газарт дур зоргоороо хөшөө дурсгал, бунхан бий болгож оршуулгын зан үйл хийхийг хуулиар хориглодог. Энэхүү эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой болгох ажлыг төрийн тэргүүн онцгой анхаарахаар болов.
-
Газар нутгийн нэршил: Уул ус, засаг захиргааны нэрийг дур зоргоор өөрчлөх нь түүх, соёлын дархлаанд халдаж буй хэрэг юм. Холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд урьдчилан сэргийлэх сурталчилгааг чанартай хүргэхийг даалгалаа.
-
Төрийн түшээдийн хариуцлага: Төрийн албан тушаалтнууд үг, үйлдлээрээ нийгмийг талцуулах бус, нэгтгэн зангидах үүрэгтэй. Иргэн бүр ч мөн улсынхаа эв нэгдэлд хувь нэмрээ оруулах ёстойг санууллаа.
-
Төрийн албаны шударга байдал: Төрийн албанд зөвхөн мэдлэг, чадвар, ёс зүй, хуулийн шалгуураар өрсөлдөх ёстой. Нутаг ус, гарал үүсэл, намын харьяаллаар гадуурхах эсвэл танил тал харах үзэгдлийг бүрэн халахыг шаардав.
Төрийн тэргүүн уулзалтын төгсгөлд үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд хохирол учруулах аливаа үйлдлийг хатуу таслан зогсоохыг сануулж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохыг хатуу анхааруулсан юм.
Энэхүү үүрэг, даалгаврыг ҮАБЗ-ийн түвшинд зохион байгуулж, аймаг орон нутгийн удирдлагуудтай уялдуулан хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд даалгалаа.



