Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар Сургалтын газрын сургалтын менежер, цагдаагийн хошууч Д.Баттөртэй ярилцлаа.
- Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ?
-
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсэн. Үүний дагуу 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ чиглэлийн 14, Эрх зүйн чиглэлийн 1, нийт 15 хөтөлбөрт элсэлт авна. Эдгээр хөтөлбөрүүдийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдагаараа онцлогтой.
- Элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ? Энэ жил журамд орсон гол өөрчлөлтүүд юу байна вэ?
-
Манай сургууль нь их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг шаарддаг.
Нийтлэг шаардлагад боловсролын гэрчилгээ, дипломын баталгаажилт, элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) чиглэл, босго оноо зэрэг үзүүлэлтүүд хамаарна. Энэ жил элсэгчдийн ЭЕШ-ын батламж нь 2024, 2025, 2026 оных байж болно.
Тусгай шаардлагын хувьд элсэгч нь бие эрхтний зөв хөгжилтэй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, ял шийтгүүлж байгаагүй байх ёстой. Энэ жил гарсан гол өөрчлөлтүүд гэвэл:
-
Биеийн өндөр: Элсэгчийн биеийн өндрийг захиалагч байгууллагын хүний нөөцийн баримт бичигт заасан харьцааг баримтлан хөтөлбөр бүрээр ялгамжтай тогтоосон.
-
Шивээсний журам: Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолын дагуу цэргийн сургуулийн сонсогч нь биеийн гадаргуугийн 25 хувиас бага хэсэгт шивээстэй бол тэнцэнэ. Гэхдээ шивээсний өгүүлэмжийг харахаас гадна богино ханцуйтай цамц өмсөхөд ил харагдахааргүй байх шаардлагыг тавьж байгаа.
- Элсэлтийн журмын талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Шалгалт болон босго оноог хэрхэн тогтоосон бэ?
-
Бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг ДХИС-ийн захирлын тушаалаар баталж, 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс олон нийтэд хүргэсэн. Бид үндэсний хэмжээний босго оноонд баримжаалан, элсэлтийн шалгалтын босго оноог хөтөлбөрийн онцлогоос хамаарч 450-500 байхаар ялгамжтай тогтоосон.
Шалгаруулалтын хувьд:
-
Ур чадварын шалгалттай хөтөлбөрүүд: Цагдаа, Дотоодын цэрэг, Мөрдөх алба, Кибер гэмт хэрэг, Хил судлал, Шалган нэвтрүүлэх, Хилийн инженер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Аюулгүй байдал, Онцгой байдал, Шинжлэн магадлах ухаан зэрэг хөтөлбөрүүдэд хавсарга шалгалтыг бие бялдрын ур чадвараар авна. Элсэгчдийг ЭЕШ-ын оноо болон ур чадварын онооны нийлбэрээр эрэмбэлнэ.
-
Бусад хөтөлбөрүүд: Нийгмийн ажил, Эдийн засаг, Сэтгэл судлал, Эрх зүй хөтөлбөрүүдийн хавсарга шалгалт нь журмаар тогтоосон хичээл байна. Элсэгчийг хоёр шалгалтын нийлбэрээр эрэмбэлэх юм.
- Дотоод хэргийн их сургуульд элсэх сонирхолтой охид их байдаг. Шинэ хичээлийн жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү, квот бий юу?
-
ДХИС нь зөвхөн захиалагч байгууллагуудаас ирүүлсэн тоо, хүйсийн харьцааны дагуу элсэлтийн хяналтын тоогоо тогтоодог. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх бакалаврын 9 хөтөлбөрт нийт 95 эмэгтэй элсэгч авна.
Харин Хил судлал, Шалган нэвтрүүлэх алба, Хил хамгаалалтын инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт, Аюулгүй байдал, Онцгой байдал-гамшиг судлал хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэгч авахгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс төлбөрийг нь хариуцдаг 15 хөтөлбөрийн 9-д нь охид элсэх боломжтой гэсэн үг.
Харин "Эрх зүй" хөтөлбөрт хүйс харгалзахгүй элсүүлнэ. Тус хөтөлбөрийн хяналтын тоог ДХИС бие даан тогтоодог тул хүйс заагаагүй.
- Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? Тэнцсэн мэдэгдэл авсан элсэгчид хугацааны хувьд юуг анхаарах ёстой вэ?
-
Тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны бүртгүүлэгчийг тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулна.
Энэ жилийн нэг чухал онцлог нь бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж тэнцсэн тухай мэдэгдэл авснаас хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулах ёстой. Хэрэв энэ хугацаанд баталгаажуулахгүй бол элсэхээс татгалзсанд тооцож, жагсаалтын дараагийн бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ. Хугацаандаа эрхээ баталгаажуулсан элсэгчид нэмэлт шалгалтад орох эрхтэй болно.
Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа болон цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Шалгалтын норматив, шалгуур үзүүлэлтийг сургуулийн пэйж хуудас болон элсэлтийн цахим системд байршуулсан байгаа.
- Иргэд элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн, ямар хугацаанд бүртгүүлэх вэ? Бүртгүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?
-
Элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6-дгаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Элсэгчид elselt.uia.gov.mn цахим хуудсаар хандан бүртгүүлнэ.
Анхаарах зүйл нь, иргэн зөвхөн нэг л хөтөлбөр сонгож бүртгүүлэх ёстой. ЭЕШ-ын оноо гарч элсэгчдийг эрэмбэлэхээс өмнө хөтөлбөрөө солих боломжтой, харин оноо гарсны дараа солих боломжгүй. Мөн бүртгүүлэхдээ журамд заасан дараах төлбөрийн нөхцөлүүдийг (ТТАХНЭ-д орох үзлэг, шинжилгээ, мансууруулах бодисын сорилын хураамж, гэнэтийн ослын даатгал, Англи хэлний хичээлийн хэрэглэгдэхүүн, цэргийн бэлтгэл сургалтын дүрэмт хувцас, аранз зэрэгтэй холбоотой зардал) элсэгч өөрөө хариуцахыг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
- Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, болзол байдаг уу?
-
Тийм ээ, манай сургууль нийгмийн хариуцлага, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд зорилтот бүлэг болон сурлагын амжилттай элсэгчдэд тодорхой хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал:
-
Төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан, эсвэл хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан алба хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд;
-
ДХИС болон захиалагч байгууллагад ажиллаж байгаа алба хаагчийн шаардлага хангасан хүүхдийг элсүүлэхэд;
-
"Эрх зүй" хөтөлбөрт элсэгч суурь хичээлдээ 800 оноо авсан бол эхний жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх;
-
ДХИС-ийн харьяа Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийг амжилттай төгсөгчийг тухайн мэргэжлийн хөтөлбөрт нэмэлт шалгалтгүйгээр шууд элсүүлэх;
-
Боловсролын яамнаас тогтоосон Математик, Нийгэм судлал, Англи хэл, Монгол хэлний улсын болон олон улсын олимпиадад, мөн спортоор тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1-ээс 3 дугаар байр эзэлсэн бүртгүүлэгчдэд тус тус хөнгөлөлт үзүүлнэ.
Мэдээж хөнгөлөлтөд хамрагдах элсэгчид маань элсэлтийн журмын тусгай болон нийтлэг шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой.
- 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар тодорхой хариулт өгсөн танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.





