• Нүүр
  • Мэдээний өрөө
  • 15-16 настай хүүхдүүд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ

15-16 настай хүүхдүүд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ

Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд биедээ мэс авч яван нэгнээ гэмтээх, эсхүл тоглоом нэрээр аюултай хэрэгсэл ашиглан бусдын эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр, 15-16 настай хүүхдүүд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарсан байна. Мөн 15 настай эрэгтэй Е нь тоглоомон үрлэн буугаар үе тэнгийнхээ 15 настай эрэгтэй М-ын чих рүү  буудсаны улмаас хохирогчийн чихний хэнгэрэг цоорч, эмнэлгийн тусламж авахад хүрсэн харамсалтай явдал гарчээ.

Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдээ хуулийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөнө гэж эндүүрч болохгүй. Эрүүгийн хуульд зааснаар 14 насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй тул бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд хариуцлагаас бултах боломжгүй юм. Мөн гарсан хохирлыг эцэг эх, асран хамгаалагч нь нөхөн төлөх хуулийн зохицуулалттай байдаг.

Хүүхдийнхээ чөлөөт цаг, нөхөрлөж буй орчин, биедээ авч явж буй эд зүйлсэд тогтмол хараа хяналт тавьж, аливаа маргааныг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийн  аюулыг ухамсарлуулан ойлгуулахыг эцэг эх, асран хамгаалагч болон багш сурган хүмүүжүүлэгчдээс уриалж байна.