• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Кибер аюулгүй байдлын судлаач Т.Ялгуун дэлхийн хэмжээний хамгаалалтын бүтээгдэхүүнээс Zero-Day эмзэг байдал илрүүллээ

Кибер аюулгүй байдлын судлаач Т.Ялгуун дэлхийн хэмжээний хамгаалалтын бүтээгдэхүүнээс Zero-Day эмзэг байдал илрүүллээ

Монголын кибер аюулгүй байдлын салбарт олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц нэгэн шинэ амжилт бүртгэгдлээ. IT салбарт "FantasM" хэмээх нэрээрээ танигдсан кибер аюулгүй байдлын судлаач Т.Ялгуун (Yalguun Tumenkhuu) олон улсад өргөн ашиглагддаг кибер хамгаалалтын EDR (Endpoint Detection and Response) бүтээгдэхүүнээс өмнө нь нийтэд мэдээлэгдээгүй байсан Zero-Day (0-day) ноцтой эмзэг байдлыг илрүүлж, үйлдвэрлэгч байгууллагаар нь албан ёсоор баталгаажууллаа.

1.Дэлхийн хэмжээний бүтээгдэхүүнээс ноцтой эмзэг байдал илрүүлэв

Түүний илрүүлсэн эмзэг байдал нь тухайн төхөөрөмж дээр хязгаарлагдмал эрхтэй хэрэглэгч хамгийн өндөр түвшний буюу "root" эрхийг авах боломжтой аюулгүй байдлын систем дэх асуудал байжээ.

Ийм төрлийн эмзэг байдал ашиглагдсан тохиолдолд зөвшөөрөлгүй этгээд тухайн төхөөрөмжийг бүрэн удирдах, системийн мэдээлэлд хандах, хамгаалалтын тохиргоонд өөрчлөлт хийх зэрэг ноцтой эрсдэл үүсгэх боломжтой аж.

 

2. "Mongolia HackerOne Club"-ийг үүсгэн, Элч (Ambassador)-оор томилогдов

Т.Ялгуун нь дэлхийн хамгийн том ёс зүйт хакеруудын сүлжээ болох HackerOne платформ дээр Монгол Улсыг төлөөлөх "Mongolia HackerOne Club"-ийг албан ёсоор байгуулжээ.

Ингэснээр тэрээр тус платформын Элч (Ambassador) болж байгаа бөгөөд Монголын технологид сонирхолтой залууст дэлхийн түвшний сургалт, тэмцээн болон олон улсын төслүүдэд хамрагдах том гүүрийг нээж байна.