Айлчлалын бүрэлдэхүүнтэй холбоотой шүүмжлэлд МАН-аас тайлбар өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн болон холбогдох зураг, мэдээлэл цахим орчинд олон нийтийн шүүмжлэл, хэл ам дагуулаад байгаа билээ. Олон нийтийн сүлжээгээр айлчлалын бүрэлдэхүүний талаар янз бүрийн мэдээлэл тараад буйд МАН албан ёсны тайлбар өгсөн байна.

Тайлбарт дурдсанаар, тус айлчлалд 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг дээрх бүрэлдэхүүний хувьд хуулийн дагуух хамтын ажиллагааны хүрээнд оролцож байгаа аж. Хууль тогтоомжийн дагуу Японы Либерал Ардчилсан Намтай (ЛДП) хамтран ажиллах яриа хэлэлцээг жил гаруйн өмнөөс эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн хамтарсан сургалт, туршлага солилцох хөтөлбөрийг тус төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй нь энэ юм байна.

 

Түүнчлэн уг сургалт, айлчлалд Монголын талаас болон намаас төсвийн нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд холбогдох бүх зардлыг Японы тал дааж, санхүүжүүлж байгааг албан ёсоор мэдээлэв.

Мөн улс төрийн намууд гишүүдээ сургаж хөгжүүлэх, гадаад орнуудын улс төрийн намуудтай хамтарч ажиллах, олон улсын байгууллага, эвсэлд элсэн орох үйл ажиллагаа нь хуулиар бүрэн нээлттэй байдгийг тайлбарт онцолжээ.