• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ... яамны газрын дарга Б.Д-д холбогдох 590 сая төгрөгийн хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

... яамны газрын дарга Б.Д-д холбогдох 590 сая төгрөгийн хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яамны газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүллээ.

Хэргийг тодруулбал, тухайн яамны Газрын даргаар ажиллаж байсан Б.Д нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг олгох явцад бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. Тэрээр нөлөөлөл үзүүлэх замаар “Х...” ХХК-д санхүүжилт олгуулсны хариуд 2024 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдаас нийт 590 сая төгрөгийн хахууль авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.

Мөн тэрээр олсон орлогоо нуун далдлах зорилгоор өөрийн төрсөн ахын нэр дээр орон сууц захиалах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгүүд худалдан авсан байна. Энэхүү үйлдлээрээ өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон орлогоосоо хэтрүүлэн их хэмжээгээр нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ.

Прокуророос дараах зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна:

  • Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: Нийтийн албан тушаалтан хахууль авах

  • Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

Уг хэргийг харьяалагдах шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг товлохоор ажиллаж байна.