Иргэдийн хувийн хэрэгцээндээ ашиглаж буй дулаан зогсоолуудаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар авч эхэлсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл, асуулт дагуулсаар байна. Уг асуудалтай холбогдуулан "Иргэний өмчлөлийн нэг дулаан зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай" санаачилгыг иргэн О.Батхүү болон О.Дэлгэрдалай нараас засаглалын болон нийтийн өргөдлийн системд гарган, нийтийн санал асуулгыг идэвхтэй явуулж байна.
2026 оноос эхлэн иргэдийн хувийн ахуйн хэрэгцээндээ ашигладаг дулаан зогсоолоос үл хөдлөх эд хөрөнгийн татвар авч эхэлсэн нь өмнөх жилүүдийн татварын практиктай харьцуулахад иргэдэд санхүүгийн нэмэлт дарамт учруулж байгаа юм.
Санаачлагчдын үзэж байгаагаар:
-
Ахуйн хэрэгцээний хөрөнгө: Дулаан зогсоол нь бизнесийн буюу ашиг олох зорилгоор бус, хувь иргэний өдөр тутмын амьдралын чухал хэрэгцээг хангах үл хөдлөх хөрөнгө юм.
-
Хууль зүйн тодорхой байдал ба тэгш байдал: Татвар ногдуулах эрх зүйн үндэслэл болон хууль тогтоомжийн шинэчлэлийг эргэн харж, хувь иргэний эзэмшиж буй амьжиргааны нэг зогсоолыг татварын ачааллаас чөлөөлөх шаардлагатайг онцолжээ.
Одоогоор e.zasag.mn болон petition.parliament.mn системүүдэд санал асуулга идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд e.zasag.mn систем дээр гэхэд 27,161 иргэн буюу зорилтот 100,000 саналын 27%-ийн дэмжлэгийг аваад байна.
Журмын дагуу санал асуулгад 100,000 иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд Улсын Их Хурал болон холбогдох төрийн байгууллагуудаар уг асуудлыг албан ёсоор хэлэлцэж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шийдвэр гаргах боломж бүрдэх юм.
Нийтийн өргөдлийг дэмжих: Та уг санаачилгыг дэмжиж санал өгөхйг хүсвэл e.zasag.mn болон petition.parliament.mn системүүдэд нэвтэрч, тоон гарын үсэг болон D-Mon Pass ашиглан саналаа өгөх боломжтой.



