НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцлоо.
Түүний эхнэр Н нь 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа олон нийтэд мэдээлж, хэвлэлд ярилцлага өгч байсан бөгөөд прокуророос шүүгдэгч Э-д яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Шүүхийн шийдвэр ба гэм буруугийн дүгнэлт
Шүүхээс шүүгдэгч Э-г дараах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Үүнд:
-
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн: Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн (Эрүүгийн хуулийн 11.6-2);
-
Байнга зодсон, харгис хэрцгий харьцсан: Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан (Эрүүгийн хуулийн 11.7-1.1, 1.2, 2.1);
-
Бусдыг мөрдөн мөшгисөн: Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн (Эрүүгийн хуулийн 13.12-1).
Харин яллах дүгнэлтээс "эхнэр Н-г 2005-2020 онуудын хооронд байнга зодсон" гэх зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Сэтгэцийн хор уршиг, хохирол нөхөн төлүүлэх хэмжээ
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч эхнэр Н-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг IV зэрэглэл, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг III зэрэглэл гэж тус тус тогтоосон байна.
Шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн аргачлалыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулах сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг дараах байдлаар тогтоов:
-
Хохирогч Н-д: 27,720,000 төгрөг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх)
-
Насанд хүрээгүй хохирогч Н-д: 15,840,000 төгрөг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх)
Ингэснээр шүүгдэгч Э-ээс хохирогч нарт олгох сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн нийт хэмжээ 43,560,000 төгрөг болсон юм.
Шүүх хуралдааныг завсарлууллаа
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдөөс учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргажээ. Шүүх уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсгийг үндэслэн хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулав.
Шүүгдэгч хохирлоо нөхөн төлсний дараа шүүх хуралдаан үргэлжилж, түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулах шүүхийн шийдвэр гарна.



