Эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч Штайнмайэр,
Эрхэм хүндэт хатагтай ноёд, хүндэт зочид оо!
Берлин хотын түүх, соёлын төв Музейн арал дахь Жеймс-Симон галерейд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр энэхүү үзэсгэлэнг Берлин хотноо хамтран зохион байгуулахаар та бид тохиролцсон билээ.
Тэгвэл өнөөдөр Эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч Таны урилгаар үзэсгэлэнт сайхан Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хүн төрөлхтний мянганы суут хүмүүн, хаадын хаан Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүх, өв соёлыг олон нийтэд толилуулах энэхүү үзэсгэлэнг Та бид хамтдаа нээж байна.
Найман зууны тэртээ Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид наран мандах зүгээс наран шингэх хүртэлх уудам нутгийг хамарсан Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө дорнод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, “Монголын их амар амгалан”-г үүсгэн тогтоосон билээ.
Ингэснээр Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм.
Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлагийн олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг.
Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан энэхүү түүхэн хувь нэмрийг өндрөөр үнэлэн 2005 онд Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаж, хамтран ажиллахыг гишүүн орнууддаа уриалсан билээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Бонн хотноо “Чингис хаан ба түүний залгамжлагчид” нэртэй томоохон үзэсгэлэнг гаргаж, НҮБ-ын энэхүү уриалгыг манлайлан хэрэгжүүлсэнд Монголчууд бид чин сэтгэлээсээ талархдаг юм.
Тэгвэл энэ удаагийн Төрийн айлчлалын хүрээнд Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан ба Монголын ертөнц” нэртэй хоёр дахь үзэсгэлэнг ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо гарган түмэн олны хүртээл болгож байгаад баяртай байна.
Их Эзэн Чингис хаанаар нэрлэгдсэн энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой юм.
Эдгээр дурсгалууд нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулах болно гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч өө,
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь манай хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн.
Археологийн олдвор, шинжлэх ухааны судалгааны үр дүнд Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй Өрнө, Дорныг холбосон худалдаа, шашин, соёл, мэдлэгийн олон улсын томоохон зангилаа байсныг улам тод томруун бататган харуулж байна.
Манай хоёр улсын хамтарсан археологийн судалгааны олон жилийн үр дүнг энэхүү үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулан, дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь Монгол, Германы Стратегийн түншлэл, үнэт зүйлд суурилсан ойр дотно түншлэлийн тод илэрхийлэл юм.
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их Эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, Монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн манай хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэл төгс байна.
Тус үзэсгэлэнг зохион байгуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэсэн Берлин хотын захиргаа, Өвөг болон эртний түүхийн музей, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагууд, археологич, түүхч, сэргээн засварлагч, куратор, мэргэжилтнүүд болон нийт хамтран ажилласан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын төрт ёс, түүх, соёлын үнэт өвийг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид ч тууштай дэмжиж, Та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно.
Монгол, Германы түүх, соёлын хэлхээ холбоо манай хоёр ард түмний оюун санаа, зүрх сэтгэлийн гүүр болж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр баяжуулан бэхжүүлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.




