Монголын кибер аюулгүй байдлын салбарт нэгэн шинэ, бахархалт амжилт бүртгэгдлээ. IT салбарт FantasM нэрээрээ танигдсан залуу судлаач Т.Ялгуун (Yalguun Tumenkhuu) дэлхийн кибер аюулгүй байдлын тавцанд хоёр том амжилт гаргаад байна.
1Дэлхийн хэмжээний системээс цоо шинэ "Zero-Day" эмзэг байдал илрүүлэв
Тэрээр Оросын кибер хамгаалалтын томоохон компани болох Positive Technologies-ийн мянга мянган байгууллагад суурилагдсан MaxPatrol EDR системээс ноцтой аюултай сөрөг цоорхойг олж мэдээлжээ.
-
Ямар алдаа байсан бэ? Энгийн хэрэглэгч тухайн байгууллагын бүх системийг бүрэн удирдах эрхтэй (root admin) болох боломжтой цоорхой байв.
-
"Zero-Day" (0day) гэж юу вэ? Энэ нь өмнө нь дэлхийд хэн ч олж хараагүй, систем хөгжүүлэгчид болон хамгаалалтын баг нь ч мэдээгүй байсан, маш цөөн олддог цоо шинэ эмзэг байдал юм.
-
Гарсан үр дүн: Тус компани түүний тайланг албан ёсоор хүлээн зөвшөөрч, системийн аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан тул талархал илэрхийлэн мөнгөн урамшуулал (Bounty) олгосон байна.
2. "Mongolia HackerOne Club"-ийг үүсгэн, Элч (Ambassador)-оор томилогдов
Т.Ялгуун нь дэлхийн хамгийн том ёс зүйт хакеруудын сүлжээ болох HackerOne платформ дээр Монгол Улсыг төлөөлөх "Mongolia HackerOne Club"-ийг албан ёсоор байгуулжээ.
Ингэснээр тэрээр тус платформын Элч (Ambassador) болж байгаа бөгөөд Монголын технологид сонирхолтой залууст дэлхийн түвшний сургалт, тэмцээн болон олон улсын төслүүдэд хамрагдах том гүүрийг нээж байна.





