• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ж.Баярмаа: Харбины гэрээнээс болж алдсан 36 их наяд төгрөг бол манай улсын нэг жилийн төсөв юм

Ж.Баярмаа: Харбины гэрээнээс болж алдсан 36 их наяд төгрөг бол манай улсын нэг жилийн төсөв юм

Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж байж болзошгүй "Харбины гэрээ"-г хянан шалгах Түр хороо байгуулах асуудал УИХ-ын чуулган дээр унав. Энэхүү шийдвэрийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эрх баригчдыг олон нийтийн мэдэх эрхэнд халдаж, "хулгай"-г нуун дарагдуулж байна гэж үзэж байна.

- “Харбины гэрээ”-г шалгах Түр хороо байгуулах асуудал УИХ-ын босго давалгүй уналаа. Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд яагаад татгалзав?

  • Уг нь Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд гарч явах юм уу, эсвэл эсрэг товчлуур дарах замаар унагачихлаа. Үүнийг би олон нийтийн мэдэх эрхийг гишүүдийн 60 гаруй хувь нь хааж байна л гэж харж байна. Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Гэтэл ард түмэн өнөөдөр өөрийнхөө баялаг хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг мэдэх эрхгүй байна.

Ер нь юуг нуудаг вэ? Хулгайг л нуудаг шүү дээ. Хэрэв улс оронд гавьяатай, ашигтай зүйл хийсэн бол баярлаад л “би ийм мундаг гэрээ хийлээ” гээд зарлах байсан. Шалгуулахаас татгалзаж байна гэдэг нь энэ гэрээг байгуулсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж, нуух зүйл байгааг л илтгэж байгаа хэрэг.

- Ерөнхий сайдын зүгээс энэ гэрээг 2013 онд Ардчилсан намын үед маш хямд үнээр байгуулсан гэж тайлбарлаж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

  • 13 жилийн өмнөх асуудлыг тухайн үеийн хамтарсан Засгийн газрын үед "Чалко"-той байгуулсан гэрээ гэж ярьдаг. Мөнгийг нь урьдчилаад аваад хэрэглэчихсэн учраас бараа бүтээгдэхүүн нь хямд байх нөхцөл бүрдсэн байж магадгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал 10 гаруй жилийн өмнөхөөс шал өөр байна. Өнөөдрийн гэрээгээр бид мөнгөө урьдчилаад авчихсан юм уу? Үгүй. Тэгээд яагаад ийм хямд зараад байгаа юм бэ гэдэг нь гол асуудал.

- Энэ гэрээнээс болж манай улс яг хэдий хэмжээний алдагдал хүлээж байгаа вэ? Таны тооцооллоор бодит тоо хэд гарч байна?

  • Төмөр замыг гацааснаас болж алдагдсан боломжийн өртөг асар их. Засгийн газар нэг тонн нүүрсийг 70 доллароор зарна гэж төлөвлөсөн ч бодит байдал дээр 60 доллароор гарч байна. Нэг долларын зөрүү гарахад л 250 сая долларын алдагдал хүлээдэг. "Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ-ийн илтгэлд айлын тал биржийн үнээр авахыг зөвшөөрсөн ч 5 хувийн хөнгөлөлт хүссэн гэж байгаа. Өнөөдөр биржийн үнэ 100 доллар байхад бид 95 доллароор зарах бүрэн боломж байсан.

Нийт борлуулж байгаа хэмжээгээр нь, нэг тонноос 40 долларын алдагдал хүлээж байна гэж үзвэл 250 сая тонноос бараг 10 тэрбум доллар буюу 36 их наяд төгрөгийн алдагдал гарч байна. Энэ бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. Ийм их мөнгийг алдаж байхад яагаад 16 жилийн турш ийм хямд үнээр зараад байгааг л шалгах ёстой байгаа юм.

Төмөр замын гацаа, нүүрсний хямд үнэ, алдагдсан боломжийн хариуцлагыг хэн хүлээх вэ? 16 жилийн турш үргэлжилж буй энэхүү гэрээг шалгахгүй үлдээж байгаа нь цаанаа асар том бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг гэж тэрээр дүгнэж байна.