Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сэмжидмаа олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад буй "Шөнийн марафон"-ы зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой асуудлаар албан ёсны тайлбар хийлээ.
Тэрээр тус арга хэмжээнд Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт гаргаагүйг онцолсон юм. "Шөнийн марафон"-ыг хувийн хэвшлийн байгууллага бие даан зохион байгуулсан бөгөөд оролцогчдын бүртгэлийн хураамж, орлого болон бусад бүх зарлагыг зохион байгуулагч тал бүрэн хариуцжээ.
Нийслэлийн захиргааны хувьд уг гүйлтийг намрын “Автомашингүй өдөр”-тэй хамтатган явуулсан бөгөөд зөвхөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох албад хамтран ажилласан байна.
Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг хязгаарласнаас үүдэн иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсандаа уучлал хүсэв. Цаашид иргэдийн зорчих хөдөлгөөнд нөлөөлөхүйц томоохон эвент, арга хэмжээнүүдийг урьдчилан сайтар төлөвлөж, олон нийтэд цаг тухайд нь мэдээлж ажиллахаа мэдэгдлээ.



