УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хандан Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ) салбарын үйл ажиллагаа, тэр дундаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон хууль сахиулах байгууллагуудтай холбоотой ноцтой асуудлуудаар 10 бүлэг асуулга хүргүүллээ.
Асуулгад дурдсанаар, 2026 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нарын нийтийн сүлжээнд хийсэн мэдээллүүд бие биетэйгээ зөрчилдөж байгааг онцолсон байна. Түүнчлэн иргэнд хэрэг үүсгэж, ял наймаалцахыг заналхийлсэн гэх агуулгатай мэдээлэл, бичлэгүүд олон нийтэд цацагдсантай холбогдуулан хуулийн дагуу тайлбар, мэдээлэл шаарджээ.
-
Иргэнийг дарамталж, ял наймаалцсан гэх мэдээлэл: Цагдаагийн алба хаагчаар дамжуулан иргэнд хэрэг үүсгэх, дарамт үзүүлэх замаар ял наймаалцахыг заналхийлсэн гэх мэдээлэлд шалгалт, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн эсэх, түүний эрх зүйн үндэслэл, шалгалтын явц, хугацаа.
-
Төрийн эсрэг хууль бус үйл ажиллагаа: Цэргийн болон хорих байгууллагыг дайчлан төрийн эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх асуудлыг шалгасан эсэх, энэ ажиллагаанд хэн, ямар байгууллага, албан тушаалтан оролцсон бэ.
-
Хууль бус гүйцэтгэх ажиллагаа, тагнаж чагнасан асуудал: Иргэдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудал тогтоогдсон уу, зөвшөөрөл ба хяналтын горим мөрдөгдсөн үү, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон уу.
-
ШШГЕГ-ын томилгоо, дарамт шахалт: ХЗДХ-ийн сайд болон тус яамны удирдлагаас ШШГЕГ-ын томилгоонд хөндлөнгөөс оролцсон, чиглэл өгсөн, хууль бус тушаал шийдвэр гаргасан эсэх.
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх: ШШГЕГ-ын ажиллагааг эхлүүлэхгүй байх, зогсоох, хойшлуулах, хууль бус хүсэлт, чиглэл өгсөн эсэх.
-
Төсвийн шилжүүлэг ба 7.9 тэрбум төгрөг: Цагдаагийн байгууллагын орон тоо, цалин, урамшуулалд зориулсан 7.9 тэрбум төгрөгийг ШШГЕГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл үнэн эсэх, түүний эрх зүйн үндэслэл.
-
ШШГЕГ-ын төсөв, хөрөнгийн зөрчил: ШШГЕГ-ын төсөв, төрийн өмчийг зориулалтын бусаар зарцуулсан, мөнгөн олголт, урамшууллыг хууль бусаар олгосон эсэх, дотоод хяналт шалгалтын дүн.
-
Хоригдлуудын хөдөлмөрийг хувьдаа ашигласан эсэх: Хорих ял эдэлж байгаа иргэдийн хөдөлмөрийг хууль бусаар хувийн компани, албан тушаалтны барилга, объектод ашигласан эсэхийг шалгасан эсэх.
-
Уурхайн талбай болон тусгай зөвшөөрлийн асуудал: Засгийн газрын 2018 оны 304 дүгээр тогтоолоор ШШГЕГ-т буцаан авахаар шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын "Нүүрстэйн ам" (83 га) болон Төв аймгийн Лүн сумын "Авдрант" (31 га) уурхайн талбай, тусгай зөвшөөрлийн одоогийн эрх зүйн статус, үйл ажиллагааг сэргээсэн эсэх.
-
Хууль зөрчсөн нөхцөл байдалд авах арга хэмжээ: Дээрх асуудлуудаас гэмт хэргийн ба сахилгын зөрчлийн шинжтэй нөхцөл тогтоогдсон бол хэзээ, ямар байгууллагад шилжүүлж, цаашид ийм зөрчил давтан гаргахгүй байх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаанд дээрх 10 асуултын хариуг бичгээр ирүүлэхийг Ерөнхий сайдаас шаардсан байна.



