Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрчим хүчний яам, ажил олгогчдын төлөөллийн хооронд чухал уулзалт боллоо.
Уулзалтын үеэр Эрчим хүчний яамны зүгээс салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онуудад үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой саналыг ирүүлсэн байна. Ингэснээр талуудын хооронд хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх боломж бүрджээ.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний салбарт 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагт эхлэхээр зарлаад байсан ажил хаялтыг 48 цагаар түр хойшлуулах шийдвэрийг Ажил хаялт зохион байгуулах түр хорооноос гаргалаа.
Талууд энэхүү 48 цагийн хугацаанд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, ажил хаялтад хүргэхэд нөлөөлсөн 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин хөлсний бүлэгт хамаарах зарчмын зөрүүтэй 12 заалтаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Хэрэв тус хугацаанд хэлэлцээ амжилттай дуусахгүй тохиолдолд Эрчим хүчний салбарын хэмжээний ажил хаялт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагт албан ёсоор эхэлнэ гэдгийг мэдэгдэлд дурджээ.





