2,400 иргэн баривчлагдаж, 1,000 орчим цагдаа бэртэж гэмтжээ

Төсвийн асуудлаарх Засгийн газрын чухал санал хураалтын өмнө амьжиргааны өртөг нэмэгдсэн болон төрийн үйлчилгээний чанар муудсаныг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал тэмцэл хүчирхийлэл болон хувирч, Франц орон энэ амралтын өдрүүдэд сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн хүнд эмх замбараагүй байдалтай нүүр туллаа.

Бямба гарагт эсэргүүцлийн жагсаал бослого болон өргөжиж, тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр иргэд цагдаагийн ажилтнуудтай мөргөлдөн, улс орон даяар дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, зарим барилга байгууламжийг сүйтгэн будсан байна. Энэ үеэр 2,400 орчим хүнийг баривчилж, 1,000 орчим цагдаагийн ажилтнууд бэртэж гэмтжээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон цагдаагийн бэлтгэл хангагдсан байдал болон тагнуулын мэдээлэл цуглуулах явцад алдаа дутагдал гарсан эсэхийг шалгахыг тушаасан байна. Мөн тэрээр хямралыг шийдвэрлэх "бодит санал" боловсруулахын тулд оюутнууд, багш, хууль тогтоогчид, үйлдвэрчний эвлэл болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг энэ долоо хоногт цуглуулахыг Засгийн газарт үүрэг болгожээ.

Ерөнхий сайд Себастьен Лекорнугийн Засгийн газар улам бүр нэмэгдэж буй төсвийн алдагдлаа бууруулахаар 2027 оны төсөвтөө 54 тэрбум еврогийн (61 тэрбум ам.доллар) таналт хийхийг эрмэлзэж буй энэ үед дээрх эмх замбараагүй байдал үүсэв. Үндэсний Ассамблей (Парламент) мягмар гарагт тус хуулийн төслийн эхний хэсгээр албан ёсны санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа юм.

Франц улс сүүлийн жилүүдэд зардлаа танах болон өрийн ачааллаа бууруулах гэж асар их шахалтад орж байгаа бөгөөд II улиралд тус улсын өр түүхэн дээд хэмжээнд буюу 3.6 триллион еврод хүрч, ДНБ-ий 119%-тай тэнцсэн байна. Дэлхий даяар зээлийн хүү өсөж байгаа тул энэхүү өрийн үйлчилгээний зардал улам бүр өндөр тусах болжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Бямба гарагт тус улсын олон хотод нийт 550,000 орчим хүн жагссанаас 110,000 нь Парист цугласан байна. Энэхүү эсэргүүцлийн давлагаа нь багшийн хомсдол, сургуулийн нөхцөл байдлыг эсэргүүцсэн оюутнуудын сар гаруй үргэлжилсэн хөдөлгөөний үргэлжлэл бөгөөд үйлдвэрчний эвлэлүүд ч өргөн бүрэлдэхүүнээрээ нэгдсэн байна.  Олон зуун мянган иргэд тайван замаар жагссан ч туйлширсан зарим хүчирхийллийн бүлгүүд төрийн барилга байгууламж руу халдаж, дэлгүүрүүдийг тонон, цагдаа нар руу халдсан байна.

Ням гарагийн орой ТВ-ээр хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Макрон: "Эдгээр дүр зургийг хараад бид бүгд 'Тэд юу бодож ийм зүйл хийв ээ? Франц хүмүүс яаж эх орондоо ингэж хандаж чадаж байна аа?' гэж бодсон. Үүнийг юу ч зөвтгөхгүй, юу ч тайлбарлахгүй, юу ч зөөллөхгүй" хэмээн мэдэгдэж, "хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүд болон тэдэнтэй нэгдсэн олон тооны танхайрагчдад" хатуу хариу барихаа амлав.

Тэрээр онц байдал зарлах эсвэл хөл хорио тогтоохоос татгалзсан боловч төрийн барилга байгууламж болон орон нутгийн бизнесүүдийг хамгаалах үүднээс шаардлагатай бол зарим жагсаал цуглааныг хориглох эрхийг муж ба орон нутгийн захирагчид, хотын дарга нарт олгож байгаагаа мэдэгдэв.

Францын төв хэсэгт орших Лимож хотын 143 жилийн түүхтэй засаг захиргааны барилга руу дээрэмчид цонхыг нь хагалж нэвтрэн галдан шатааснаас үүдэн барилга бараг бүхэлдээ сүйджээ. Хотын дарга Гийом Герин "Хотын захиргааг галдан шатаах тодорхой, урьдаас төлөвлөсөн санаа зорилго байсан бөгөөд дотор нь байсан хүмүүс амь насаараа хохирохоос айж байсан" гэж Ням гарагт Ройтерс агентлагт ярьжээ. Мөн жагсагчид Марсель хотын захиргааны барилга руу хүчээр нэвтэрч, Лион хотын аялал жуулчлалын төвийг галдан шатаасан байна.

Дотоод хэргийн сайд Лоран Нуньес Ням гарагт мэдээлэхдээ, олон зуун дэлгүүр хоршоонд материалын асар их хохирол амссан гэсэн бол Бордо хотын дарга Тома Казенаве 100 хүртэлх дэлгүүр тонуулд өртсөн гэж мэдэгдэв.

Парист болсон жагсаалын үеэр нэг жагсагч зүрх нь зогссоны улмаас нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ням гарагийн үдээс хойш Парис хотын Бүгд Найрамдах Улсын талбайд (Place de la République) цугласан жагсагчдыг тархаахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Тус улсын Сангийн сайд Роланд Лескур дээрмийн үеэр хохирол амссан бизнес эрхлэгчдэд Засгийн газраас тусламж үзүүлнэ гэж амлав. Ройтерс агентлагийн иш татсан мэдэгдэлд "Эд хөрөнгө сүйтгэсэн хүмүүс төлбөрөө төлж, хохирлыг барагдуулахаас гадна үймээн самуун тарих гэсэн санаа зорилгынхоо төлөө хариуцлага хүлээх болно" гэжээ.