• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Ажил хиймээргүй, сошиал од болох хоббитой гишүүд нь өргөдлөө өгөөд явчих

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Ажил хиймээргүй, сошиал од болох хоббитой гишүүд нь өргөдлөө өгөөд явчих

Сүүлийн үед зарим УИХ-ын гишүүдийн зүгээс парламентыг тараах асуудлыг хөндөж, DParliament-д гарын үсэг цуглуулах тухай мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, парламентыг сулруулах оролдлогыг эрс шүүмжилжээ.

Тэрбээр хувь улстөрчийн хувьд парламентын дархлаа, тусгаар тогтнолын үнэ цэнийг сануулж, дараах асуудлуудыг онцлон хөндсөн байна.

Парламентыг сулруулах нь хэний ашиг сонирхол вэ? УИХ-ыг тараах тухай ярьж буй гишүүдэд хандан тэрбээр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг сөхөж тавьжээ. Д.Цогтбаатар гишүүн "Тулга тусгаар улсын АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТ-ыг улам хүчгүй болгох нь хэний сонирхол хаанаас орж ирж байна. Тусгаар тогтнол, аюулгүй байдал хамаагүй юу" хэмээн асуудал дэвшүүлсэн байна.

"Цаг нөхцөөдөг газар биш, ажлаа хий" Мөн УИХ-ын гишүүний хариуцлагыг умартаж, олон нийтийн сүлжээнд анхаарал татахыг урьтал болгож буй зарим гишүүдийг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр "Ажил хиймээргүй байгаа, хувьдаа цээж баян, иргэдийн амьдрал хамаагүй, сошиал од болох хоббитой хүмүүс нь зүгээр өргөдлөө өгөөд гишүүнээсээ чөлөөлөгдөөд явчих" хэмээн шаардсан байна. Түүнчлэн улс оронд дахин сонгууль зохион байгуулах эдийн засгийн боломжгүйг сануулж, "Монгол Улсад та нарын хугацааг дахиж сунгаж сонгууль хийх ч мөнгө байхгүй. Тэгээд ч эрхэлдэг, цаг нөхцөөдөг газар чинь энэ биш. Хариуцлагатай бай ажлаа хий" хэмээн хатуухан сануулжээ.

Тэрбээр парламентын гишүүдийн үндсэн чиг үүргийг сануулж, хууль тогтоох болон хяналт тавих ажлаа бүрэн хийхийг уриалсан байна. "Засгийн газраа шах шаард. Болохгүй бол огцруул. УИХ өөр юу хийх вэ, өөрсдөө засгийн ажлыг хийх нь үү. Гишүүд нь гишүүн шиг, дарга нь дарга шиг зарчимтай зорилготой баймаар байна" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.