УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр, О.Батнайрамдал нар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах байр суурийг илэрхийлэв.
Бид жил бүр төсвийн хэлэлцүүлэг хийх үеэр урсгал зардлын задаргааг тодорхой гаргаж чаддаггүй. Тийм учраас Сангийн яаманд байгаа мэдээллийг баталгаажуулж, иргэд, олон нийт цахим хэлбэрээр хянаж болохуйц байдлаар бүх задаргааг ил тод болгох юм. Мөн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын холбогдолтой төсөл, арга хэмжээг тодорхой код, дугаарлалттайгаар оруулж өгч байна.
Түүнчлэн улс хөгжлийн төлөвлөгөөг тусдаа баримт бичиг болгон баталдаг. Тэгвэл тухайн төсөл, арга хэмжээ уг төлөвлөгөөнд хэрхэн туссаныг дугаарлалтаар нь холбож өгснөөрөө хөгжлийн бодлого, улсын төсөв хоёрыг уялдаа холбоотой болгож буй анхны тохиолдол болж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал энэхүү хуулийн төслийн талаар тайлбарлахдаа, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт дүн шинжилгээ хийхэд илүү ойлгомжтой болохыг онцлов. Тэрбээр бүх мэдээлэл нээлттэй байж, хэн ч дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх ёстойг дурдаад, УИХ-ын үндсэн үүргийн нэг нь төсөв батлах явдал уч гишүүн бүр үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг процессор бүрэн оролцох нөхцөлийг заавал бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ



