Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан парламентын гишүүдийн дунд шүүмжлэл өрнөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг "сонгууль угтсан, бэлэн мөнгөний болон тойрог хахуулдсан" шинжтэй хэмээн эрс шүүмжиллээ.
"10 их наядаар худалдаж авсан төсөв"
Гишүүн Ө.Шижирийн онцолж байгаагаар, Засгийн газар болон Их хурлын гишүүдийн хооронд төсөвтэй холбоотой далд тохироо явагддаг бөгөөд энэ нь төсвийн алдагдал болон урсгал зардлыг үлэмж хэмжээгээр тэлэх үндэс болж байна.
Тэрээр "Төсвийн зардал 10, 10 их наядаар нэмэгдлээ гэж наанаа шүүмжилж, гайхширсан дүр эсгэдэг ч цаанаа гишүүдийн тойргийн асуудлыг шийдвэрлэж өгснөөр амыг нь тагладаг. Баялгийн сангаас болон иргэдээс цуглуулсан хөрөнгөнөөс хоёр их наядыг танан авч, гишүүдийн тойрогт хуваарилан өгч байгаа нь зарчмын хувьд гишүүдийг худалдан авч буй үйлдэл. Ийм замаар төсвийг дуугүй баталдаг тогтолцоо бүрэлдээд байна" хэмээн мэдэгдэв.
"Урсгал зардлын тэлэлт нэг, хоёр жилийн дараа эдийн засагт дарамт болно"
Засгийн газрын энэхүү бодлого нь хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, урсгал зардлыг хэт тэлэхэд хүргэж байгааг тэрээр анхаарууллаа.
Одоогийн байдлаар бүтээн байгуулалт, барилга байгууламжид хуваарилж буй эх үүсвэрүүд нь 2028 оны сонгууль хүртэлх хугацаанд улсын төсөвт байнгын дарамт болох урсгал зардал болон хувирах эрсдэлтэйг сануулж байна. Гэнэтийн болон тогтворгүй орлогод найдан урсгал зардлаа нэмэгдүүлэх нь айл өрх нэг өдрийн орлогоор тансаглаад маргаашийг тооцоолохгүйтэй адил хариуцлагагүй үйлдэл гэдгийг онцоллоо.
УИХ Засгийн газрын "халаасанд" байж болохгүй
Парламентын хяналтын функц алдагдаж, Засгийн газрын эрх мэдэлд хэт автаж байгаад гишүүн Ө.Шижир шүүмжлэлтэй хандаж байна.
Үндсэн хуулиар олгогдсон хяналт тавих эрх хэмжээгээ парламент хэрэгжүүлж чадахгүй байгааг сануулж, "Хэрэв Их хурлын гишүүд Засгийн газрынхаа халаасанд ороод төсвийг шүүмжилж чадахаа больсон юм бол байгууллагынхаа нэрийг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газраас өргөн барьсан, Баялгийн сангаас мөнгө танасан, сонгууль угтсан энэхүү 'авилгажсан' төсвийг зоригтойгоор буцаан татаж, дахин боловсруулах шаардлага тавих зарчим Их хурлын гишүүдээс гарах ёстой" хэмээн уриаллаа.



